У.Хүрэлсүх 67.76, С.Эрдэнэ 5.99, Д.Энхбат 20.33 хувийн санал авсныг СЕХ-ноос мэдээллээ

2021-06-10

-Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүнг СЕХ-ноос танилцууллаа-

Өнөөдөр СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, Мэдээлэл технологийн төвийн дарга  Х.Баясгалан, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Бат-Эрдэнэ нар Ерөнхийлөгчийн сонгуулийн цахим болон гар тооллогын эцсийн дүн мэдээг танилцуулав.

П.Дэлгэрнаран “2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж өндөрлөлөө. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль коронавирусын цар тахалтай яггүй цаг үед зохион байгуулагдлаа. Нийт  улс орон даяар 2087 санал авах хэсгийн хороо ажиллаж, сонгуульд 26 тэрбум төгрөг зарцуулсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд автомат системээс гадна гар тооллого хийхээр заагдсан. Энэ заалтын дагуу өчигдөр 22.00 цагаас эхлэн улсын хэмжээгээр бүх хэсгийн хороодод гар тооллого хийлээ. Гар тооллого өнөө өглөө хүртэл үргэлжилж, хяналтын тооллого 100 хувь хийж дууслаа.

Улсын хэмжээнд сонгуулийн санал авах 2087 хэсгийн хороо, нэмж тавдугаар сарын 30-31 нд гадаадад суугаа иргэдийн саналыг авч, зөөвөрлөн ирүүлж өчигдөр СЕХ-нд хэвлэл мэдээлэл, олон нийтэд ил тодоор дүнг баталгаажуулах ажлыг хийсэн. Ингээд нийт 2088 хэсгийн дүнг тооллоо.

Сонгогчдын нэрийн жагсаалтад 2.049.379 иргэн бүртгэгдсэн. “Түр хасав” тэмдэглэгээтэй 110 мянга гаруй иргэнээс 1.430 нь хэсгийн хороондоо саналаа өгсөн. Өчигдөр 22.00 цагийн байдлаар 1.216.246 иргэн саналаа өгч сонгууль 59.35 хувийн ирцтэй болж өнгөрлөө.

Үүнээс МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 823.326 иргэний санал буюу сонгогчдоос 67.76 хувийн дэмжлэг авсан. Харин АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ 72.832 санал авч нийт сонгогчдын 5.99 хувийн дэмжлэг, ХҮН-аас нэр дэвшсэн Д.Энхбат 246.968 санал буюу сонгогчдоос 20.03 хувийн дэмжлэг авлаа. Харин 71.937 иргэн цагаан сонгол хийсэн” гэв.

СЕХ-ны зүгээс ковид цар тахлын амаргүй хүнд цаг үед иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайн барьж, сонгуульдаа идэвхтэй оролцлоо. Нийт бүх шатны 21395 төрийн захиргаа, үйлчилгээний албан хаагчид сонгууль зохион байгуулах ажилд томилогдон, албан үүргээ амжилттай биелүүллээ гэдгийг онцолсон юм.

Иргэдийнхээ сонголт хийх эрхийг хангаж, хамгаалж, 9500 цагдаагийн алба хаагч, онцгой, эмнэлгийн 3687 ажилтан хамтран ажилласны үр дүнд Ерөнхийлөгчийн сонгуулийг маш дэгтэй, амжилттай зохион байгууллаа гэдгийг тодотголоо.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ