Т.Доржханд: Сонгуулийн зардал болох 1.2 тэрбум төгрөгийг хандиваар босгосон, мөнгөгүйгээр сонгууль хийж болдгийг бид харууллаа

2021-06-10

ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өчигдөр болж, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 20.1 хувийн санал авсан юм.
ХҮН-ын дарга Т.Доржханд “Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбатад 246.955 сонгогч саналаа өгсөнд дэвшигчдийнхээ өмнөөс талархлаа илэрхийлж байна.  2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Зөв хүн электорат эвслийг 209 мянган иргэн дэмжиж саналаа өгсөн бол Ерөнхийлөгчийн сонгуулиар 250 мянган иргэн саналаа өглөө. Өнөөдрийн байдлаар 250 мянган дэмжигч гишүүнтэй болсныг энэ сонгууль хоёр дахь удаагаа батлан харууллаа.

Манай эвслээс энэ сонгуульд нийт 1.2 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ бүх санхүүжилт хандиваар боссон. Мөнгөгүйгээр сонгууль хийж болдгийг бид харууллаа. Энэ хандивын дийлэнхийг гадаадад байгаа монголчууд маань гаргасан. Та нартаа баярлалаа.

Нэр дэвшигч Д.Энхбатын биеийн байдал маш сайн байгаа. Гэргийн хамт тун удалгүй эмнэлгээс эдгэрч гарах хүлээлттэй байна.

Шулуухан хэлэхэд Монголын улс төрд нэг том нам, тойрсон бусад нам боллоо. Монгол Улс 1990 оны өмнөх үе рүүгээ ухарчихлаа. Энэ хүчийг тэнцвэртэй болгох нь ХҮН-ын үүрэг болов уу, ХҮН ардчиллынхаа талд зогсох болно. Шаардлагатай бол АН-тай зарим зүйл дээр хамтарч ажиллах болно” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ