Улсын төсөв хэлэлцэх үеэр Ерөнхий сайд, Сангийн сайд байхгүй, Засгийн газар 50 хувь ирцтэй байна гэв

УИХ-ын намрын ээлжит чуулганаар өнөөдөр есөн асуудлыг хэлэлцэнэ. Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ. Үүнээс гадна Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн  төсөл, Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын тухай хуулийн төсөл, Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, хянан шалгах бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, түр хорооны дарга сонгох тухай хэлэлцэнэ.

Мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс Ерөнхий сайдад өргөн мэдүүлж буй асуудал болоод УИХ-ын гишүүн Ц.Туваанаас Эрүүл мэндийн сайдад эм үйлдвэрлэлд тавьсан асуулгын хариултыг сонсох юм.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Улсын төсвийг хэлэлцэж байгаа чухал үед Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд, Эдийн засгийн сайд нар огт оролцохгүй байна. Засгийн газрын сайдуудын ирц 50 хувь нь байна. Үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. 2023 оны төсвийг хэлэлцэж байхад валютын хомсдол үүссэн хүнд нөхцөл байдалтай. Тиймээс төр барьж байгаа УИХ-ын гишүүд анхаарах хэрэгтэй. Төсөв, мөнгөний бодлогод ач холбогдол өгөх хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд дотоодын банк санхүүгийн байгууллагаар нэг ч төлбөр хийхгүй байна. Зөвхөн урсгал зардлаа гаргаж ирж байна. Үүнийг зохицуулах хэрэгтэй. Арилжааны банкууд ч иргэдэд зээл өгөхгүй байна. Энэ хэдий хүртэл үргэлжлэх вэ? Үндэсний аюулгүй байдлын асуудал ч үүнд хамаарна. Гадаадын хөрөнгө оруулалттай банкийг оруулж ирэх ёстой. Яагаад болдоггүй юм. Тэгж байж эдийн засаг сэргэх боломжтой. Хууль эрхзүйн зохицуулалтыг хэлэлцэх цаг болсон. Тиймээс миний бие олонхийн бүлгээс үүнийг шаардаж байна”.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Энэ жил зуншлага маш тааруу байлаа. Түүнээс болж Баянхонгор, Ховд, Увс, Өмнөговь зэрэг аймгуудад өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна. Төрөөс үүнд анхаарч, ажил хийх санал, яриа гаргасан боловч бодит ажил хэрэг болсонгүй. Өвс, тэжээлийг гаалийн болон албан татвараас чөлөөлөх саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тавьсан. Ингэж чадвал малын үнэ унасан үед хэдэн шуудай хорголжин тэжээл авч онд оруулах боломжтой. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам нь хивэг, тэжээл хангалттай бий гээд байгаа. Бодит байдал дээр бол үгүй.

Баруун аймгууд руу өвс, тэжээл хангалттай хүрч чадахгүй байна. 1000 малтай айлууд 400-500-г  нь борлуулах сонирхолтой байна. Харамсалтай нь квот нэрийн дор малчдаас татвар авч байгаа учраас махны экспорт улам уналаа. Дулааны аргаар боловсруулсан махыг гаргахгүй түгжсэнээс болоод Ховдын Булганд очиж мал авах хүн алга. Ийм учраас махны экспортыг шинэ түвшинд аваачих хэрэгтэй. Б.Болорчулуун сайд гурилын үйлдвэрүүдийн хивэг тэжээлийг борлуулах зорилгоор импортын бүтээгдэхүүнийг хаах ёсгүй. Малчдын амьдрал хүнд байна” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn