Өмгөөлөгч асан Б.Баасанцогтод 4.4 жил хорих ял оноож, бусад шүүгчдийг торголоо

2022-10-14

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Б.Баасанцогт нарын нэр бүхий гурван шүүгдэгч, нэг хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн наймдугаар сард хянан хэлэлцэхээр товлосон.

Гэвч шүүгдэгч Б.Мөнхбаяр Covid-19 өвчний учир эмчлүүлж байгаа талаар, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нэгдүгээр хавьтал болж хяналтад байгаа зэрэг эмнэлгийн баримт ирүүлснийг шүүх хүлээн авч мөн бусад өмгөөлөгч нараас гаргасан хүсэлт зэргийг харгалзан шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулаад байсан юм.

Тус хурал энэ сард болж шүүхээс өмгөөлөгч Б.Баасанцогтод 4.4 жилийн хорих ял оноож, авлигал авсан шүүгч нарыг 7.5 сая төгрөгөөр торгожээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 11-нээс эхлэн өмгөөлөгч Б.Баасанцогт болон шүүгч асан Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг, Барилга, үл хөдлөх хөрөнгийн бизнес хариуцсан захирал И.Галбуян, “Улаанбаатар импэкс” ХХК-д холбогдох хэргийг хаалттай хэлэлцэж өчигдөр шийдвэр гаргасан байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Баасанцогтыг хахууль өгсөн үндэслэлээр 4.4 жил, шүүгч Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарыг хахууль авсан, албан тушаалаа урвуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 7.5 сая төгрөгөөр торгох ял оногдуулж “Улаанбаатар импэкс” компани түүний төлөөлөгч И.Галбуянг цагаатгажээ.

Б.Баасанцогтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэр гаргасан. Улмаар анхан шатны шүүхээс түүнийг дахин нэг сар буюу зургадугаар сарын 7-ныг хүртэл саатуулах хугацааг сунгаж шийдвэрлэсэн. Түүний өмгөөлөгчид Б.Баасанцогтыг батлан даалтад гаргахын тулд дээд шатанд буюу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хянан хэлэлцээд, өнгөрсөн тавдугаар сарын 13-ны өдөр батлан даалтад гаргасан юм.

Мөн Тагнуулын ерөнхий газраас Б.Баасанцогттой холбоотой мэдээлэл хийж, нэр бүхий улстөрчийн биед халдахаар завдаж байсан хэмээн мэдэгдэж байлаа.

Холбоотой мэдээ