Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг гацаасан хэргээр Увсын Өмнөговь сумын ИТХ-ын дарга Д.Даваасүрэнг АТГ-аас шалгаж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ оны наймдугаар сарын 03-ны өдөр хийсэн Засгийн газрын мэдээллийн үеэр “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг саатуулсан үйлдлийг Эрүүгийн хуульд заасан “Хорлон сүйтгэх ажиллагаа” нэрийн дор шалгаж, алдагдсан боломжийн өртгийг Засгийн газрын нэрийн өмнөөс нэхэмжлэх болно” гэдгийг мэдэгдсэн. Улмаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад саад учруулсан этгээдүүдийг хуулийн байгууллагаас шалгаж эхлээд буй.

Энэ хэрэгтэй холбоотойгоор Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын дарга Д.Даваасүрэнг АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон гэх үндэслэлээр АТГ шалгаж байна.

Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын дарга Д.Даваасүрэн нь 2021 оны аравнэгдүгээр сарын 08-ны өдөр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлыг зогсоох арга хэмжээ авах тухай тогтоолыг баталсан байдаг. Тус тогтоолд “Ховд голын үзэсгэлэн төгс ой мод, хадлан бэлчээр, түүх соёлын үнэт өв бүхий нутаг устаж үгүй болох, улмаар сумын ард иргэдийн амьжиргаанд ноцтой хохирол учруулахаар байгааг харгалзан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлыг зогсоох арга хэмжээ авах”-ыг тусгасан.

Мөн энэ сарын 4-ний өдөр Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын бэлтгэл ажлын хүрээнд ерөнхий гүйцэтгэгч “Пауэр Чайна- Чэнгдү” ХХК-ийн Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэр “Шижигтийн хавцал” гэх газарт ажиллах явцад нутгийн иргэдээс эсэргүүцэл үзүүлсэн. Энэ үеэр Өмнөговь сумын ИТХ-ын дарга Д.Даваасүрэн тухайн эсэргүүцлийн жагсаалыг олон нийтийн сүлжээнд мэдээлэхийг үүрэгдэж байгаа бичлэг ч ил болсон юм.

Өмнөговь сумын ИТХ-ын дарга Д.Даваасүрэнг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих ажилд саад учруулсан. Ингэхдээ эрх мэдэл албан тушаалаа ашиглаж, нутгийн иргэдийг өдөөн турхирсан байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү шалгаж эхэлжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны улсын төсвийн төслийг УИХ-д танилцуулах үеэрээ “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой цахилгаан станц зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлуудыг 2023 оны төсвийн жилд багтаж эхлүүлнэ. Ямар ч улс төржилт, ямар ч эсэргүүцэл хөрш орнуудтай Засгийн газрын хэлэлцэн тохиролцсон томоохон төслүүдийг гацаах ёсгүй гэдгийг Ерөнхий сайдын хувьд хариуцлагатайгаар дахин хэлье” хэмээн мэдэгдсэн юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn