Агаарын тээврийн “МИАТ”, “Аэро Монголиа”, “Хүннү эйр” компаниуд ойлголцож, хамтран ажиллахаар болсон

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт агаарын тээвэрлэгчдийг дэмжих, нислэгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийн тарифыг бууруулах талаар агаарын тээврийн компаниудтай хамтран мэдээлэл хийж байна.

Тэрбээр энэ сарын 2-ны өдөр ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлага, хамт олон болон агаарын тээвэрлэгч компаниудын төлөөлөлтэй уулзаж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, хэд хэдэн чиглэлээр анхаарах шаардлагатайг хэлсэн.

Салбарын сайд юуны түрүүнд агаарын тээврийн салбар улс орны нэн чухал салбарын хувьд нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаанд дээд зэргээр анхаарч ажиллахыг ИНЕГ болон агаарын тээвэрлэгчдэд сануулсан. Хоёрдугаарт, агаарын тээврийн либералчлалд анхаарах, хэрхэн олон чиглэлд, хямд үнээр, тав тухтай шууд нислэг үйлдэх вэ гэдэг дээр агаарын тээвэрлэгчид нэгдэж, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдуулан ажиллах хэрэгтэйг хэлсэн билээ.

С.Бямбацогт сайдын мэдээлснээр, агаарын тээвэрлэгч таван компанийн удирдлагууд хоорондоо ойлголцож, харилцан ашигтай хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан байна. Үүний үр дүнд тийзний үнийг хямдруулах бололцоо бүрдүүлэх, нислэг үйлдэж буй чиглэлийн тоог олон болгох зэрэг өөрчлөлт шинэчлэлтүүд гарна гэж тооцжээ.

Өнөөдрийн байдлаар “МИАТ” компаниас Новосибирскт томилгоо хүссэнийг хүлээн зөвшөөрсөн байна. “Аэро Монголиа” компани Бээжинд, “Хүннү эйр” компани Сөүлд томилгоо тус тус хүсчээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn