
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100.0 мянган төгрөгөөр тооцож үргэлжлүүлэн олгоно.
Монгол Улсын 0-18 хүртэлх насны иргэнд олгох хүүхдийн мөнгийг хүрсэн түвшнээс нь бууруулахгүйгээр үргэлжлүүлэх, ингэхдээ төсвийн боломждоо тааруулан өндөр хэрэглээ бүхий боломжийн амьжиргаатай өрхүүдэд энэ хөтөлбөрт хамрагдахгүй байхыг уриалж, төсвийг хэмнэлттэй, үр дүнтэй хуваарилах нь зүйтэй гэж үзэж байна.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанаас үзэхэд өндөр хэрэглээтэй өрхүүд нийт өрхийн 9 хувийг эзэлж байх бөгөөд эдгээр өрхүүд хүүхдийн мөнгөнөөс татгалзсанаар коронавируст халдварт цар тахлын үед орлого нь буурсан олон өрхүүд энэ хөтөлбөрт хамрагдах боломж нь нэмэгдэх юм.
Тиймээс өрхүүдийн амьжиргааны түвшинг харгалзан Монгол Улсын 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 91 хувьд хамаарах хүүхэд бүрт 100.0 мянган төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр улсын төсвөөс олгохоор тооцлоо.
Ингэхдээ хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бэлэн бус төлбөр тооцооны хэрэгслээр дамжуулан зарцуулах, согтууруулах ундаа, тамхины хэрэглээнд зарцуулах боломжгүй байхаар тооцож зохицуулалт хийнэ гэж 2023 оны төсөвт тусгажээ.