Эрт илрүүлгээр 61 хүүхэд хорт хавдрын эрсдэлтэй гэж дүгнэгдээд байна

Орон даяар өрнөж буй эрүүл мэндийн эрт илрүүлэг, шинжилгээгээр 0-17 насны хүүхдүүдийн дунд өвчлөлийн 90,384 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Эрт илрүүлэг үзлэг нэг жилийн хугацаанд үргэлжилнэ. Одоогийн байдлаар эрт илрүүлэг оношилгоонд 356,141 хүн хамрагдаад байна. Үүнээс 157,958 буюу 44.4 хувь нь эрэгтэйчүүд, 198,183 буюу 55.6 хувь эмэгтэйчүүд байгаа юм. Мөн үзлэгээр  хүн амын дундаас өвчлөлийн 190 орчим мянган сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын 57.9 хувь нь эмэгтэй, 42.1 хувь нь эрэгтэйчүүд байна.

Үзлэгээр шүд цоорох өвчин хүүхдүүдийн дунд нийтлэг байгаа нь тогтоогдсон байна. Тэр дундаа 6-17 насны хүүхдүүдийн 53,178 нь буюу 80.6 хувь нь шүд цооролттой гарчээ.

Хүүхдийн өвчлөлийн тухайд:

  • шүд цоорох өвчлөл хамгийн их буюу нийт өвчлөлийн 65,940 буюу 73.0 хувь,
  • шүдний гажиг 2,625 буюу 2.9 хувь,
  • хараа муудах 1,803 буюу 2 хувийг эзэлжээ. Мөн хүүхдийн өвчлөлийн дунд хорт хавдрын 61 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 17 нь 0-5 насны хүүхэд,  үлдсэн 44 нь 6-17 насны хүүхэд гэдгийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд мэдээлсэн.

Энэ талаар Эрүүл мэндийн яам “Тухайн хүнд зовуурь бага байх үед буюу харьцангуй эрүүл гэж бодож байх үед нь оношлохыг эрт илрүүлэг гэнэ. Хүүхдийн дунд хавдрын сэжигтэй 61 тохиолдол бүртгэгдсэн. Сэжигтэй тохиолдол гэдэг бол хортой, хоргүй болон хавдар мөн эсэх дээр бүрэн шийдэгдээгүй зүйл юм. Тиймээс хавдар мөн эсэхийг эсийн шинжилгээгээр тогтооно. Мөн бусад төрлийн шинжилгээг тухайн хүүхдэд хийснээр хорт хавдрын өвчлөлийн үе шат тодорхой болно гэсэн үг юм. Эрт илрүүлгээр “эрсдэл” байна гэсэн анхааруулгыг өгч байгаа болохоос хорт хавдартай гэж дүгнэдэггүй. Хэрэв хорт хавдартай нь тогтоогдвол хүүхдийн хувьд Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв, Хавдар судлалын үндэсний төв рүү хандан эмчилгээг авна” гэлээ.

Эрүүл мэндийн сайдын 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн “Журам батлах тухай” А/139 дүгээр тушаалаар гаргасан журмын дагуу “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-г орон даяар эхлүүлсэн. Энэ үзлэгээр улаан хоолой, ходоод, элэг, уушги, бүдүүн шулуун гэдэс, хөх, умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх боломжтой хэмээн сайд хэлсэн.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn