Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 70 нас хүрлээ

Өнөөдөр буюу аравдугаар сарын 7-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 70 нас хүрч байна. Тэрбээр 1952 оны аравдугаар сарын 7-ны өдөр тухайн үеийн нэрээр Ленинград, одоогийн Санкт-Петербург хотод мэндэлжээ.

1975 онд Ленинградын их сургуулийн хуулийн салбарыг төгссөн Путин 1976 онд Ленинградад, 1979 онд Москвад КГБ-ын ажилтан бэлтгэх сургуулиудад сурсан байна. Дараа нь тэр 1985 онд Зүүн Германы Дрезден хотод томилогдон ажиллаж байгаад 1990 онд эх орондоо буцжээ.

Путин эх орондоо буцаж ирснийхээ дараа Ленинград хотын захирагч Анатолий Собчакын албанд 1996 он хүртэл ажилласан. Дараа нь тэр Москвад шилжиж, ОХУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргаанд янз бүрийн албан тушаал хашжээ.

1999 оны наймдугаар сарын 9-нд ОХУ-ын анхны ерөнхийлөгч Борис Ельцин түүнийг ерөнхий сайдад нэр дэвшүүлж томилуулсан. Тухайн оныхоо сүүлээр Ельцин албан тушаалаасаа огцорч, ажил үүргээ Путинд шилжүүлсэн.

2000 оны гуравдугаар сарын 26-нд болсон ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулиар Путин 52.94 хувийн санал авч, тавдугаар сарын 7-нд тангараг өргөж байв. Өнгөрсөн 22 жилийн хугацааны 2008-2012 онуудад тэр ерөнхий сайдын албыг хашиж, бусад бүх хугацаанд ОХУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж ирлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn