Төрийн байгууллагуудад хориглох зүйлс 2023 оны төсөвт

УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулж эхэлсэн. Ирэх оны төсвийн бодлогыг төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн төсвийг боловсруулснаа онцолсон. 

Мөн төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн мөнгөний хатуу бодлогыг төсвийн хэмнэлтийн бодлоготой хоршуулан хэрэгжүүлэхэд чиглэгдсэн.

Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжсэнээр энэ жилийн төсөвт оны эцэс гэхэд 200 тэрбум төгрөг хэмнэгдэх бол ирэх 2023 оны төсвийн хөрөнгө оруулалтын болон урсгал зардал Төрийн хэмнэлтийн тухай хууль болон Цахим шилжилтийн хүрээнд НЭГ их наяд төгрөгөөр хэмнэгдэх тооцоолол гарсныг Ерөнхий сайд өчигдөр онцолсон.

Өөрөөр хэлбэл, төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг мөрдөж, хэмнэлтийн горимд үргэлжлүүлэн ажиллана.

2023 онд төр түүний бух шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсөвт тусгажээ.

Нэг. Хуульд зааснаас бусад салбарт дэд, орлогч даргатай холбоотой төсөв хянаж тусгахгүй. Төсвийн сахилга батыг чангатгах, төсөвт байгууллагын ажиллах хүч, хүний нөөцийг үр дүнтэй байлгах зорилгоор Терийн хэмнэлтийн тухай хуульд дэд дарга, захирал, орлогч дарга, орлогч захиралтай байхыг хориглосон байгууллагуудын төсөвт тухайн албан тушаалтай холбоотой орон тоо, зардлыг тусгаагүй.

Хоёр. Төсөвт байгууллагыг хэмнэлтийн горимд үргэлжлүүлэн ажиллуулна. Бүх шатны төсөвт байгууллагын албан бичиг хөтлөлтийг цахим хэлбэрт шилжүүлэн, сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, Засгийн газрын шийдвэр гарснаас бусад баяр ёслол, тэмдэглэлт ой, урлагийн наадам, спортын уралдаан тэмцээн, салбарын өдөр, аялал зугаалга зэргийг зохион байгуулахгүй байх замаар холбогдох зардлыг хэмнэнэ.

Хууль тогтоомж, Засгийн газрын албан ёсны шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой  нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал кино хийх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгалын зардлыг төсвөөс санхүүжүүлэхгүй.

Дээрх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор төсөвт байгууллагын цалин хөлс, байр ашиглалтын тогтмол зардлаас бусад тэвчиж болох урсгал зардлыг 50 хувиар, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний зардлыг 30 хувиар тус тус бууруулж 2023 онд нийт 204.4 тэрбум төгрөг хэмнэхээр тооцжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn