
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, улсын төсвийн танилцуулгыг хийлээ.
Геополитикийн нөхцөл байдал, гадаад валютын ханшийн өсөлт, дэлхий нийтэд үүсч буй эдийн засгийн хүндрэлийг даван туулж, макро эдийн засгийг тогтворжуулах нь улс орон бүрийн амаргүй цаг үе болж байна. Дэлхий даяар хүнс эрчим хүчний огцом өсөлт, нийлүүлэлтийн сүлжээний тасалдлын улмаас сүүлийн 20-40 жил байгаагүй инфляцийн савалгаа үүсч байна. Гэвч бид нэгдмэл бодлоготой байж чадвал цар тахлын хүндрэлийг давсан шигээ олон улсын геополитикоос үүдэлтэй энэхүү сорилтыг ч мөн даван туулж чадна.
2023 оны улсын төсөв энэхүү өргөн барьсан хувилбараар батлагдвал эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, инфляци нэг оронтой тоонд буурна. Мөн экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх үе буюу 2019 оны түвшинд хүрч, төлбөрийн алдагдал буурч, валютын ханш тогтворжино гэдэгт Засгийн газар бүрэн итгэлтэй байна. Макро эдийн засгийн тэнцвэр хангагдсанаар хөрөнгө оруулалт бизнесийн орчин сайжирч, иргэдийн орлого бодитоор өсөх суурь нөхцөл бүрдэнэ.