Ч.Гантулга: Баян-Өлгийн Баяннуур сумын Цэцэгт, Увсын Өмнөговь сумын Улиаст багийн төвийг шинээр байгуулна

Эрдэнэбүрэнгийн Усан Цахилгаан Станц (УЦС)-ын нөлөөллийн бүсэд 270 айл өрх бий. 

Тэдний 61 нь газар эзэмших гэрчилгээтэй гэдгийг тус төслийн зохицуулагч Ч.Гантулга өнөөдөр танилцуулав. Гэхдээ тухайн нөлөөллийн бүсэд Засгийн газрын 2019 оны 357 дугаар тогтоол гарахаас өмнө бүртгэлтэй амьдарч байсан айл өрхүүдийг газар эзэмших гэрчилгээтэй эсэхийг үл харгалзан нөхөн олговор олгох аж.

Энэ талаар тэрбээр “Нүүдлийн соёл, мал аж ахуй бол манай уламжлалт аж ахуй. 2019 дугаар 357 дугаар тогтоолоос өмнө бүртгэгдсэн айл өрхүүдийг олж тогтоон, 2022 оны тав, зургаадугаар нэгбүрчлэн явж, бүртгэсний үндсэн дээр 270 өрхийн 1,241 иргэн гэх тоог гаргасан. Түүнээс хойш шинээр төрсөн хүүхэд, шинээр суурьшсан өрхүүд орохгүй. Нас барсан иргэдийг хасаж тооцно” гэлээ.

Мөн УЦС байгуулахтай холбоотойгоор Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цэцэгт баг, Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн төв нь нуурын хойд хэсгээр нөлөөлөлд орох тул нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн. Ерөнхий төлөвлөлт гарсан бөгөөд аравдугаар сарын 30-нд хэсэгчилсэн төлөвлөлтийн зураг бэлэн болсноор 2022-2023 оны улсын төсөвт хэрхэн тусгах нь тодорхой болох юм байна.

Эрдэнэбүрэн УЦС төслийн зохицуулагч Ч.Гантулга “Баян-Өлгий аймгийн Цэцэгт багийн төвд шинэ, хуучин хоёр сургуулийн барилга бий, ашигладаггүй. Багийн төв гэж бараг байхгүй. Харин ч энэ боломжийг ашиглан шинэ бүтээн байгуулалт хийж, 700-800 иргэнтэй шинэ багийн төвийг байгуулахаар ажиллаж байна. Энэ бол нэг талдаа хөгжил.

Увсын Улиаст баг ялгаа байхгүй. Одоо ашиглаж буй гурван барилга бий. Багийн Засаг даргын болон цэцэрлэг, сургуулийн барилга. Шинэ багийн төв байгуулна. Улиаст багийнхан хүсвэл багийн төвдөө амьдрах шинэ нөхцөл боломжийг хангаж байна.

Соёлын төв, шинэ сургууль, цэцэрлэг, спорт заал барьж, гэр хорооллын зохион байгуулалт, тохижилтыг хийнэ, төсөв мөнгийг нь шийдвэрлэж байна. Энэ бол том бүтээн байгуулалт. Харин ч үүнд иргэд гар бие оролцож, амьдрах ахуйгаа сайжруулах боломж нээгдэж байгаа” гэв.

Эрчим Хүчний Зохицуулах Хорооны 2021 оны тайланд дурдсанаар баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 10-15 хувиар өсөж байна. Мөн улсын төсвөөс олгодог татаасын хэмжээ 2015 онд 8.6 тэрбум төгрөг байсан бол 2021 онд 16.7 тэрбум болж нэмэгдсэн байна. Тус бүсийн эрчим хүчний систем нь цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 74 хувийг ОХУ, БНХАУ-аас хоёр хувь, “Дөргөн УЦС”-аас 24 хувийг хангадаг.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn