
Есдүгээр сарын 28-ны 00:20 минутын үед Дорноговь аймгийн Хулангийн Шанд зөрлөгийн ойролцоо “Монголиан Транс Ложистик” компанийн ачаа ачсан 17 вагон бүхий галт тэрэг осолдож сүйдсэн байна. Цуваа 23:30 минутын үед хөдөлж 00:20 минутын үед осолджээ.
ЗТХ-ийн сайд С.Бямбацогт “Ослын шалтгааныг тогтоохоор ЗТХЯамны мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж байна. Вагонд гурван хүн байсан, биеийн байдал гайгүй. Урьдчилсан байдлаар хурд хэтрүүлсэн, вагоны машинист нь согтуу байсан гэсэн мэдээлэл ирж байна. Төмөр замын гурван машинист явснаас хоёр хүнээс нь согтолтын зэрэг нилээд өндөр гарсан. Цаашид төмөр замын салбарт сахилга, дэг журам, хариуцлагын чиглэлд онцгой анхаарна” гэлээ.