Г.Занданшатар: 2023 онд хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн хүүхдэд олгохоор хэлэлцэж байна

“Халамжаас – хөдөлмөрт” хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна.

Хэлэлцүүлгийн нээн УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв:

Хөдөлмөрийн насны иргэн бүр ажил хөдөлмөр эрхэлж, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах, гэр бүлээ авч явах үүрэгтэй. Хүн бүр хичээн зүтгэж, хөдөлмөрлөж байж улс орноо өөднө татна. Өнгөрсөн хугацаанд нийгмийн олон төрлийн халамжийн зарим нь эзнээ олоогүй, хавтгайрсайн гэх шүүмж гарах болсон.

Газар болгон ажиллах хүчний хомсдолд орсон байна. Тариан талбайн дээр трактарчин олдохгүй байна. Дарханы нэхийн үйлдвэр дээр 1.2-1.5 сая төгрөгийн цалинтай ажил дээр ажиллах хүн олдохгүй байна . Захын зар үзэхэд 1.5 саяын цалинтай харуул авна гэхэд хүн ирэхгүй байна.

Халамж бол цаг хугацаатай, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстой. 2021 оны байдлаар 2.5 сая иргэнд 72 төрлийн халамж үзүүлэхэд 1.8 их наяд төгрөг зарцуулсан байна. Төсвийн зарлагын цалингаас бусад зарлага 2018 онд 5.4 их наяд байсан бол 2021 онд 10.3 их наяд болсон нь тэтгэвэр, тэтгэмж, халамж нэмэгдсэнтэй холбоотой. Халамжийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх шаардлагатай байна.

Цар тахлыг даван туулах зорилгоор хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгосон шийдвэрийг эргэж харах шаардлагатай. Хүүхдийн тоо өсөж байгаатай холбогдуулан 1.5 их наядыг хүүхдийн мөнгөнд зарцуулж байна. Судалгаагаар хүүхдийн мөнгө авмааргүй байна гэсэн иргэдийн тоо өсөж байна. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг рүү шилжүүлэхээс өөр аргагүй. Сошиалын давалгаагаар төсөв мөнгөний бодлогыг барьж болохгүй. Манай улсын өрийн байдал эрсдэл өндөртэй байна, нэг ёсондоо өрөөр халамжийг санхүүжүүлж байна гэж хэлэхэд эрсдэхгүй. Ирэх онд 5.7 тэрбум ам.долларын гадаад өр төлөх ёстой.

Энэ мөнгийг 24 цагийн хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэх, залуу эцэг эхчүүдийг ажил хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгоход зарцуулах нь зүйтэй.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn