Г.Хажидмаа: Төр хүүхдүүдээсээ мөнгө харамлаж болохгүй. Хүүхдийн 100 мянган төгрөгийг хэвээр үлдээхийг шаардаж байна

2022-09-26

Иргэн Г.Хажидмаа цар тахал, хил гаалийн асуудалтай холбоотойгоор шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа энэ үед хүүхдийн мөнгийг танаж, хасахгүй байх шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүллээ.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, одонтой ээжүүд, өрх толгойлсон ээжүүд, цалинтай ээжийн тэтгэмжийг 500 мянган төгрөгт хүргэхийг шаардлаа.

Тэрбээр “Оффшор, ЖДҮ, Хөгжлийн банк, Капитал банкнаас 12 их наядыг шамшигдуулсан төрийн түшээдээс хөрөнгийг нь авч, дээрх тэтгэмжүүдийг 500 мянгад хүргэхийг шаардаж байна. Иргэдийн гар дээр бэлэн мөнгө байж байж бэлэн мөнгө нь эргэлдсэнээр эдийн засаг явдаг учир төрийн халамжинд байдаг иргэдээ төр дэмжих хэрэгтэй.

Цар тахлын өмнө иргэдийн амьдрал харьцангуй боломжийн байсан. Засаг төр өргөн хэрэглээний барааны үнээ барьж чадахгүй байгаа бол халамж хэрэгтэй иргэдээ төрөөс дэмжих хэрэгтэй.

Засгийн газраас гаргасан судалгаагаар тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулж байна гэсэн. Хүүхдүүдээсээ төр мөнгөө харамлах биш хэрэггүй яамдыг байгуулж, Улаанбаатар хотын сайд зэрэг албан тушаал гаргах төсвөө хэмнэх хэрэгтэй” гэлээ.

Холбоотой мэдээ