ДАШТ-тэй холбоотойгоор 11 болон 12 дугаар сард Катар улс аялал жуулчлал, гэр бүл, бизнес ангиллын визээр нэвтрүүлэхгүй

Хөлбөмбөгийн ДАШТ-тэй холбогдуулан Катар улсын Дотоод хэргийн яамнаас 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд зорчих төрлийн дараах ангиллын визтэй иргэдийг Катар улсын хилийн боомтуудаар нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргажээ. Үүнд:  

  1. Гэр бүлийн виз,
  2. Хилийн боомт дээр олгодог виз,
  3. Бизнес ангиллын виз,
  4. Аялал жуулчлалын виз

Катар улсын иргэд болон тус улсын оршин суух зөвшөөрөлтэй иргэд, ажиллах зөвшөөрөл бүхий визтэй иргэд, хүмүүнлэгийн чиглэлээр олгосон виз (албан ёсны шугамаар зөвшөөрөл авсан) бүхий иргэдэд тус шийдвэр хамаарахгүй.

Дээрх заасан хугацаанд хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбогдуулан Катарын Засгийн газраас тусгайлан гаргасан хаяа карт (hayya card) бүхий иргэд Катар улсын хилийн боомтуудаар чөлөөтэй нэвтрэх боломжтой юм.

Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэж сонирхохоор тоглолтын тасалбараа авсан иргэд https://hayya.qatar2022.qa/ цахим хуудсанд хандан нэвтрэх эрх үүсгэн, хаяа карт авах хүсэлтээ илгээнэ. Хаяа картыг хэрхэн мэдүүлж авах зааврыг https://www.youtube.com/watch?v=dLlgzZ_Acko холбоосоор орж үзэх боломжтой.

Хаяа картыг авснаар тухайн иргэн Катар улсад нэвтрэх, тасалбар дээрх тоглолт болох стадионд нэвтрэх, тоглолт болох өдөр нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломжтой юм.

Хаяа карт бүхий иргэд 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Катар улсад байх боломжтой.

Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn