
Он гарсаар тарваган тахлын зургаан сэжигтэй тохиолдол гарсан бол есдүгээр 11-нд Ховд аймгийн Цэцэг суманд нэг, 17-нд Жаргалант суманд хоёр тохиолдол бүртгэгдлээ. Эхний тохиолдлын хувьд өвчтөнийг эмчилж, хөл хориог цуцлаад байна. Хоёр дахь тохиолдлын хувьд есдүгээр сарын 17-нд Ховдын Мөст суманд хавхаар тарвага агнаж, улмаар тарваган тахлын үжил хэлбэр оношлогдон Жаргалант сумын төвд эмчлэгдэж байсан 29 настай залуу амиа хорложээ.
“Үжил хэлбэрийн хувьд тархинд хүчтэй хордлого гардаг учраас сэтгэцэд өөрчлөлт ордог. Үүнээс болж тухайн хүн эмч, сувилагч нарыг өрөөнөөс гарсан хойно амиа егүүтгэсэн байсан. Үүн дээр шүүх, цагдаагийн байгууллагынхан ажиллаж байгаа. Хоёр дахь тохиолдлын хувьд 40 гаруй нэгдүгээр хавьталтай байгаа. Нэгдүгээр хавьтал нь Улаанбаатар хотод ороод ирчихсэн байгааг шуурхай тогтоож, орсон газар, хавьтлуудыг тогтоон урьдчилан сэргийлэх эмчилгээнд оруулаад байна” гэж ЗӨСҮТ-ээс мэдээлэв.
Улаанбаатар хотын хянан шалгах постууд дээр 827 тарвага оруулж ирэхээр баригдсан. Энэ нь нийслэл рүү тахлыг зөөх аюултай байдлыг үүсгэж байна. Халдварын ихэнхи тохиолдол нь тарвага хавхаар агнасан байгааг албаныхан онцолж байна.