Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх Ч.Мөнхбаярын давж заалдах шатны шүүх хурлыг 20-нд товложээ

“Монгол хүн Монгол хүндээ тусалъя” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэж үзэн энэ оны зургаадугаар сарын 28-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 10 жилийн хорих ял оноох шийдвэр гаргасан.

Харин Ч.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд хандсанаар шүүх хуралдааныг энэ сарын 13-нд товлоод байсан ч хойшлуулсан юм. Учир нь шүүх хурал эхлэхэд шүүгдэгч Ч.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нар прокуророос татгалзах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн аваагүй.

Ингээд шүүгдэгч, өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн, Б.Ариунхишиг, Ц.Оч нараас татгалзсан байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн нийт шүүгч зөвлөлдөөд шүүх бүрэлдэхүүнээс татгалзах саналыг хүлээн авах шаардлагагүй гэж дүгнэж, хурлыг үргэлжлүүлэхээр болжээ.

Гэтэл Г.Баасан, А.Батдорж нар Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлэхгүй хэмээн дахин өөр хүсэлт гаргаснаар түүнийг нь нийт шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэхээр болж, тодорхойгүй хугацаагаар хурлыг хойшлуулсан байна.

Тус шүүхийн нийт шүүгчийн зөвлөгөөн өчигдөр болж, шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын хүсэлтийг хангахаас татгалзаж шүүх хуралдааныг есдүгээр сарын 20-нд товложээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn