
Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Өмнө нь Үндэсний хороог Ерөнхий сайд ахлан ажиллаж байсан.
Үүнээс хойш Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар тус хороог ахалж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарийн бичгийн даргаар нь ажиллах аж.
Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар Үндэсний хорооны хуралдааныг зохион байгууллаа. Тус хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, Үндэсний хороо цаашид анхаарч ажиллах асуудлын талаар санал бодлоо илэрхийлж, асуудлыг цогцоор нь шийдэхийг даалгалаа.
Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар “Засгийн газраас шахуу хугацаанд эрчимтэй ажиллах үүрэг өглөө. Энд онцлон хэлэхэд манай албан хэрэгцээнд холбогдох албадаас гаргаж өгч буй тоон мэдээллүүд зөрүүтэй байна. Тиймээс юун түрүүнд статистик мэдээллээ нэг болгож хэрэгтэй байна.
Дараагийн яаравчлан хийх ажил бол нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийг энэ ондоо багтаан 50-60 хувьд хүргэх шаардлагатай байна.
Түгжрэлийн бүсийг тогтоон зарлаад тэрхүү бүс нь ямар онцлогтой байх, тэр бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд ямар үүрэгтэй байхыг зааж өгөх нь зөв болов уу. Түгжрэлийг бууруулахад хүн бүхний оролцоо чухал учир төр, иргэд, хувийн хэвшлийнхний гурамсан оролцоог нэмэгдүүлэх нь зүйтэй” хэмээлээ.
Үндэсний хороо цаашид салбар дундын зохицуулалтыг чухалчилна гэдгийг онцлон мэдэгдсэн юм.
Түгжрэл болон агаарын бохирдол бууруулах зохицуулалтын асуудал хариуцах Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо 32 хүний бүрэлдэхүүнтэй. Ажлын алба нь зургаан орон тоотой байна. Үндэсний хороог Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга ахална. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч тус хорооны нарийн бичгийн дарга байна хэмээн Засгийн газрын тогтоолд заажээ.