Ж.Соронзонгийн оронд сайд асан Б.Болорыг түр томиллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн захирлын үүргийг түр гүйцэтгэх хүнийг зарлалаа.

БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр “Орос-Монголын хамтарсан III сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан. Тушаал шийдвэрийг хэрэгжүүлэхэд тодорхой асуудал үүссэн. Тус сургуулийн захирал багш, эцэг эхчүүдээ жагс, цугла гэж цаас бэлдээд өгч байна. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын 154 багштай уулзсан. Ж.Соронзон захирлын оронд Б.Болор гэж хүнийг түр томилох шийдвэр гарсан.

Энэ сургууль 1992 онд байгуулагдах үедээ хоёр улсын Засгийн газрын хамтарсан гэрээгээр Монгол Улс захирлын томилгоотой холбоотой асуудлыг бүрэн шийдвэрлэнэ гэж тодорхой заасан байдаг. Өнөөдөр энэ гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж буй.

Хоёрдугаарт, өнгөрсөн наймдугаар сард ОХУ-ын Гэгээрлийн яамны ажлын хэсэг Монголд ирээд энэ сургууль дээр ажиллахдаа тодорхой асуудлуудыг тавьсан юм билээ. Эцэг эхчүүдээс төлбөр мөнгө авч байгааг ямар хууль дүрмээр зохицуулж байгаа нь тодорхойгүй. Энэ бүх зүйлийг тодруулах шаардлагатай байгаа” гэв.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлсөн. Тэрбээр Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Гэтэл ямар нэгэн байдлаар хамт олноо өдөөн хатгаж байна. Ер нь Монгол Улс тусгаар тогтносон улс. Тийм учраас Засгийн газар, БШУ-ны сайдын тушаалыг цаг нь болоогүй байсан гэж аль ч улсын Элчин сайдын яам мэдэгдэл гаргах ёсгүй. Энэ бол Монгол Улсын  тусгаар тогтнолд халдаж буй хамгийн болчимгүй үйлдэл гэж ойлгож байна.

Удахгүй Гадаад харилцааны яамнаас энэ асуудалд албан бичиг гаргах байх. Энэ талаар ярилцаж байгаа гэж ойлгосон. Тиймээс энэ сургуультай холбоотой асуудалд цэг тавьсан. Энэ талаар дахин сөхөх ёсгүй. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр Орос, Монголын хамтарсан III сургуулийн Удирдах зөвлөлд багтдаг.

Цаашдаа энэ асуудлаар дэд сайд мэдээлэл өгнө. Тэрбээр өчигдөр сургуулийн удирдлага, эцэг эхчүүдийн төлөөлөлтэй уулзсан байна лээ. Бидний зүгээс сургуулийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилготой байгаа” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn