Д.Сарангэрэл: Залуус НДШ төлөх хүсэлгүй болсон ба үүнийгээ ч ил тод илэрхийлж байна

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийгмийн даатгалын шинэчлэл хийж, иргэн бүрд суурь тэтгэвэл олгох, хувийн даатгалын үйлчилгээнд хамрагдах боломж бүхий олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжинэ” гэсэн зорилтыг тусгасан.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ХНХЯ, Европын Холбооны Европын Комиссын Техникийн туслалцаа, мэдээлэл солилцох төсөлтэй хамтран гурван ажил зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь Үндэсний тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх семинарыг есдүгээр сарын 12-14-ний өдрийн хооронд Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулж байна.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл:
Нийгмийн даатгалын шинэчлэлийг бид маш олон жил ярьж байгаа ч өнөөдрийн байдлаар тодорхой үр дүн гарчихсан зүйл алга. Миний хувьд УИХ-д гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа ба Эрүүл мэнд болон Байгаль орчны сайдаар тус тус ажиллаж байсан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад томилогдоод удаагүй байгаа ч 2012 оноос хойш УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүнээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбар нь  надад ойр асуудал юм.

Залуучууд Монгол Улс бүрэн хуримтлалын тогтолцоо руу шилжих ёстой гэсэн хатуу байр суурьтай, зарим нь хуулийн төсөл ч боловсруулаад бэлдчихсэн байна. Ахмад, дунд үеийн парламентийн гишүүд энэ асуудалд маш болгоомжтой ханддаг. Манайх шиг цалин хангамж муу улс орны хувьд бүрэн хуримтлалын тогтолцоо нь нийгмийн даатгалын санг дампууруулах эрсдэлтэй гэж үздэг. Гэхдээ энэ асуудлыг өнөөдөр ярихгүй бол болохгүй. Учир нь залуус НДШ төлөх хүсэл эрмэлзэлгүй болжээ. Үүнийгээ ч маш ил тод илэрхийлж байгаа. Их ч бай, бага ч бай, ттгэврийн сан нь тэтгэврийг тасалдуулахгүй байх чиглэлд төр ажиллаж байгаа ч ахмадууд маань тэтгэвэртээ сэтгэл хангалуун бус байна. Бүх насныхны зүгээс үүнийг өөрчлөх шаардлага тавьж байна. Хүн амын маань дийлэнх хэсэг нь бага цалинтай ч өндөр цалин авч байгаа хэсэг бий. Заримынх нь санаанд ч багтахгүй тоо хэлж байна. Маш цөөхөн боловч 20-50 саяын цалинтай ч хүн байна. Эдгээр хүмүүс ч НДШ-ээ төлж байгаа ба дээд тал нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн буюу 4,2 сая төгрөгийг төлж байна. Гэлээ ч тэд өндөр цалин авч байгаа бол нуух боломжгүй, нуувал асуудалд орно. Өндөр цалин авч байгаа иргэн, ажилтандаа олгож байгаа ААН нь сэтгэл дундуур байгаа юм.

Өнөөдөр бид Нийгмийн даатгалын тогтолцоогоо хэрхэн өөрчилж, Монголын хөрсөнд буусан өөрчлөлтийг хийх вэ гэдэг нь чухал болоод байна. Тиймээс өнөөдөр та бүхэн алдсан оносон бүх туршлагаа бидэнтэй нээлттэй хуваалцахыг хүсье.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn