Их Британий Хатан хаан II Элизабета таалал төгслөө

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын хатан хаан II Элизабета 70 жил хаан сэнтийд заларсны эцэст 96 насандаа таалал төгслөө. Түүний бие муудсаныг зарласны дараа Балморал эдлэнд гэр бүлийнхэн нь цуглаж, хатан хааныг эцсийн замд нь үдсэн бол Букингем ордны гадна олон мянган хүн цуглан гашуудаж байна.

Зарим нь хатан хааны ихэнх цагаа өнгөрүүлдэг байсан Виндзор цайзын гадна цэцэг тавин цуглах аж. Хатан хааны нөхөр, хунтайж Филип өнгөрсөн оны дөрөвдүгээр сард насан эцэслэснээс жилийн дараа ийнхүү II Элизабета тэнгэрт дэвшлээ.

Түүний хүү Уэльсийн хунтайж Чарльз өнөөдөр III Чарльз хаан боллоо. Харин түүний хүү Уильям эцгийнхээ хэргэмийг өвлөсний зэрэгцээ залгамжлагчаар тодорлоо.

Хатан хаан Английн цагаар 18:30 цагт таалал төгссөнийг Букингем ордноос зарлажээ. Түүний бие муудсаныг сонсоод бүх хүүхэд, ач зээ нар нь,  АНУ руу нүүсэн ханхүү Харри ч эхнэрийн хамт Балморалд цуглажээ.

III Чарльз хаан хатныхаа хамт Балморт өнжсөнийхөө дараа өнөө орой Лондон руу буцах гэнэ. Түүний шарилыг Эдинбургээс Лондон руу галт тэргээр зөөвөрлөж, парламентын ордны Уэстминстер танхимд дөрөв хоног байршуулан олон мянган ард иргэдэд түүнтэй салах ёс гүйцэтгэх боломжийг олгох аж.

Төрийн оршуулах ёслол  энэ сарын 19-нд Лондоны төвд болно. Үүнд, Европын хаан угсааныхан болон бусад олон орны төр засгийн тэргүүнүүд зэрэг 2000 хүндтэй зочид оролцох төлөвтэй байна.

III Чарльз хаан сэнтийд заларсан ч хатан хааны засаглалын 70 жилийн ой энэ жил тохиож буй тул тэмдэглэн өнгөрүүлнэ. Хатан хааныг сэнтийд заларсан энэ бүх хугацаанд Уинстон Черчиллиэс эхлээд 15 Ерөнхий сайд солигдсон бол АНУ-ын ерөнхийдөгч 13 удаа солигджээ. Түүнийг нас барсанд эмгэнэж, АНУ, ОХУ тэргүүтэй олон орны төрийн тэргүүн эмгэнэл илэрхийлсээр байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn