Их Британийн шинэ ерөнхий сайдаар консерватив Лиз Трасс тодорлоо

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсоны залгамжлагчаар Лиз Трасс тодорлоо. 47 настай Лиз Трасс гадаад хэргийн сайдын алба хашиж байсан бөгөөд ерөнхий сайдад нэр дэвших нь тодорхой байжээ. Тэрбээр Сангийн сайд Риши Сунактай өрсөлдөж, 57:43 харьцаатай ялалт байгуулжээ.

Өвлийн эрчим хүчний хямрал, ажил хаялт, эдийн засгийн уналт зэрэг олон асуудлыг тэр өвлөн авч байна. Хоёр сарын турш үргэлжилсэн сунгаанд  эдгээр асуудал үндсэндээ яригдаагүй юм. Лиз Трассыг өнөөдөр Шотландын Балморал шилтгээнд хатан хаан II Элизабет ерөнхий сайдаар томилно.

Трасс нийслэлд болсон арга хэмжээний үеэр Консерватив идэвхтнүүд болон хууль тогтоогчдод хандан үг хэлэхдээ болж өнгөрсөн удаан хугацааны уралдааныг түүхэн дэх хамгийн урт ажлын ярилцлагын нэг гэж хошигножээ. Лиз Трасс нь Маргарет Тэтчер, Тереза ​​Мэй нарын дараа тус улсын гурав дахь эмэгтэй удирдагч болж байгаа нь энэ.

Трасс энэ долоо хоногт ажлын төлөвлөгөөгөө зарлана гэжээ. Тэрбээр  татварыг бууруулж,  эрчим хүчний хямралыг даван туулах болно гэжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn