
УИХ-ын гишүүн, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан боловсролын тогтолцоонд тодорхой өөрчлөлтүүдийг хийж, сайн систем, зөв менежменттэй болгохоор ажиллаж байгаа тухайгаа байнга ярьж мэдэгдэх болсон. Энэ хүрээндээ хуурамч дипломтой багш нарыг боловсролын салбараас гаргахаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.
Боловсрол шинжлэх ухааны яам нийт 35 мянган багш нарын дипломын шалгалтыг хийгээд буй. Тус шалгалтын дүнг энэ долоо хоногт нийтэд мэдээлж ерөнхий боловсролын сургуульд ажиллаж буй хуурамч дипломтой багш нарыг зарлах гэж байгаа.
Хоёрдугаарт, их, дээд сургуульд багшилж буй эсвэл докторын зэрэг хамгаалахдаа бусдын бүтээлийг хуулбарлаж хийсэн хүмүүсийг “бусдын бүтээлийг хулгайлах” буюу плагиаризмын шалгалтад хамруулж, үнэхээр магистр, докторын диплом нь хуурамч байх юм бол орон даяар зарлах ажлыг эхлүүлж байгаагаа салбарын сайд онцолсон. Түүний энэхүү мэдэгдлийг их, дээд сургуулийн эрдэмтэн багш нар ихэд дэмжин магистр, доктор хамгаалсан хүмүүсийг шалгахыг зөв хэмээн сошиалаар давалгаалсан.
Харин дунд сургуулийн хуурамч дипломтой багш нарыг олон нийтэд зарлаж, ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг иргэд эсэргүүцэж байна. Учир нь тэдгээр багш нараар хичээл заалгасан сурагчдад, багш нарын гэр бүлийнхэнд ч энэ нь тааламжтай бус, сэтгэл зүйд нь ч нөлөөлөх болохоор олон нийтэд багш нарыг зарлах шаардлагагүй гэдгийг цахим хуудастаа бичих болов.
Мөн хичээлийн шинэ жил эхэлчихээд байхад багшгүй сургуулиуд цөөнгүй, багш олдохгүй байгаа тухай их ярьж, бичиж байна. Ялангуяа хотын захын сургуулиудад багш олдохгүй байгаа гэх. Гэтэл 800 багшийг хуурамч дипломтой хэмээн зарлаж, ажилгүй болгох гэж байгаа тухай шуугиж байна. Тэгвэл багш олдохгүй байгаа сургуулиудад улам л хэцүү болох байх.
Цалин, нийгмийн асуудал муутай учраас багш хийх хүн олдохоо болиод байхад дээрээс нь ийнхүү олон зуун багшийг хуурамч дипломтой хэмээн зарлавал үнэхээр боловсролын салбар хэцүүхэн байдалд орох дүр зураг харагдаж байна. Тиймээс хуурамч дипломтой багш нарыг шууд олноор нь зарлаж хөөлгүй асуудлыг аажимдаа шийдэх нь зөв гэх хүмүүс ч олон байна.
Харин их, дээд сургуулийн хуурамч дипломтой багш нар, бас төрийн албан хаагчдыг дээрээс доош хүртэл шалгаж ажлаас нь халах хэрэгтэй гэж үзэж байгаа хүмүүс нийгэмд олон байна.