Салөмсай Гуммасит: Монгол-Лаос хооронд нислэг хийх боломжийг судлахаар ярилцлаа

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммаситтай албан ёсны хэлэлцээ хийсэн.

Хэлэлцээний үр дүнгийн талаар БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит дараах мэдэгдлийг хийсэн юм. Мэдэгдлийнхээ эхэнд тэрбээр Монгол Улс болон БНАЛАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн хугацаанд нөхөрсөг, найрсаг хамтын ажиллагааг өрнүүлж ирсэн бөгөөд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд Лаос улс өндөр ач холбогдол өгдөг болохыг онцлов.

Тэрбээр энэ удаагийн айлчлалаар элэгсэг дотноор хүлээн авсанд Монгол Улсын талд талархал илэрхийлээд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэдэгдэлтэй санал нэг байгаагаа илэрхийллээ.

“Ерөнхий сайдын түвшинд Монгол Улсад 20 жилийн дараа хийж байгаа тус айлчлалаар өнгөрсөн 60 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг авч хэлэлцэж байна.

Өнөөдрийн яриа хэлэлцээ улс төр, аюулгүй байдал, соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагаануудын хүрээнд болсон” гэдгийг ноён Салөмсай Гуммасит тодотгоод Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэдэгдэлтэй давхцахгүйгээр дараах зүйлсийг тодотгож байгаагаа хэлэв.

“Манай хоёр улсын уламжлалт, найрсаг хамтын ажиллагааг боловсрол, эрүүл мэнд болон ХАА-н чиглэлээр илүүтэй  хөгжүүлэх талаар ярилцсан. Мөн Монгол Улсын Засгийн газарт Лаос улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье.

Лаос улсад 1050 хонь хандивласан нь манай хоёр орны хамтын ажиллагааны илрэл юм. Тусламж үзүүлсэн Засгийн газар болон Монголын иргэдэд талархал илэрхийлье. Энэ 1050 хонь өсөж үржиж байгааг хэлэхэд таатай байна. Энэ нь манай хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг юм.

Өнөөдөр хоёр орны хамтын ажиллагааг худалдаа,  эдийн засгийг хөгжүүлэх талаар ярилцлаа. ХАА-н бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцож, хөрш зэргэлдээ улсуудтай хамтран энэхүү худалдааг хөгжүүлэх арга механизмыг байгуулах чиглэлээр ажиллахаар болсон.

Мөн хоёр улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зам тээвэр, нислэг хийх боломжийг судлахаар ярилцлаа.

Монгол бол АСЕАН-ы түнш улс. Энэ хүрээнд Лаос АСЕАН-ы гишүүн орны хувьд Монгол Улсыг дэмжих сонирхолтой байдгаа илэрхийлье.

Манай хоёр улс далайд гарцгүй. Тиймээс цаашдаа далайд гарцгүй орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах болно” гэлээ.

Тэрбээр дахин талархал илэрхийлээд Лаос улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газрыг Найрамдал одонгоор шагнасныг ГХ-ны сайд Б.Батцэцэгт гардуулан өгөв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn