Монгол улс оны эхний долоон сард $3 тэрбумын чулуун нүүрс экспортолжээ

Монгол улсын нийт экспорт 2022 оны эхний долоон сарын байдлаар 6.4 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1.7 тэрбум ам.доллароор буюу 36.3 хувиар өссөн байна. Үүнээс эрдэс бүтээгдэхүүний экспорт 6 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 1.8 тэрбум ам.доллар буюу 42.2 хувиар өсчээ.

Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 94 хувийг эзэлж байгаа аж.

Энэ оны эхний долоон сарын байдлаар 3 тэрбум ам.долларын 11,052.6 мянган тонн чулуун нүүрс экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 1.9 тэрбум ам.доллар буюу 2.8 дахин, биет хэмжээгээр 1,116.3 мянган тонн буюу 11.2 хувиар тус тус өссөн аж.

Нэг тонн чулуун нүүрсний экспортын дундаж үнэ 280.1 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 169.4 ам.доллар буюу 2.5 дахин өссөн хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.  Чулуун нүүрсний 89.3 хувийг БНХАУ, 8.1 хувийг Сингапур Улс, 2.6 хувийг бусад улс руу тус тус экспортолжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn