
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд болон Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуулин төслийг хэлэлцэж байна.
Засгийн газар нь бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 4, чиглэлийн 12 яамтай байхаар хуулийн төсөлд тусгаад байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
Бараг нэг жилийн өмнө танаас асууж байсан Та парламентын ардчиллыг бэхжүүлэхэд дорвитой өөрчлөлт хийх үү, сонгодог парламентыг дэмжих үү гэж асууж байсан. Та зоригтой хийнэ гэж байсан. Өнөөдөр гашуун ч ирээдүйд хэрэгтэй зоримог алхмыг хийнэ гэж байсан. Өнөөдөр дахиад асуумаар байна. Энэ үгэндээ байна уу.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
Сонгодог парламентын засаглал руу үе шаттай явах ёстой. Хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентийн засаглалтай холбоотой асуудал шийдэгдэх ёстой. УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэнэ гэдгийг зардал нэмэгдэнэ гэж хараад байна. Зардал гэхээсээ илүү энэ улс орны тусгаар тогтнол. Төрийн нүсэр бүтцийг цомхон болгох ёстой ч хэт туйлширч болохгүй. Асуудлаа шийдэх бүтцийг хэмнэж болохгүй, тусгаар тогтнолоо хэмнэж болохгүй. Цахимжилт үр дүнгээ өгч байгаа.
Сонгодог парламентын засаглал руу шилжих алхамууд 2019 оноос л эхэлсэн, цаашид ч хийгдэнэ. УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тоо нэмэгдэж байж нэг нэгнээ шантаажилсан бүтэц өөрчлөгдөх ёстой, олон намын төлөөлөл орж ирэх ёстой.