С.Чинзориг: Ерөнхий сайдтайгаа нийлээд 22 сайдтай боллоо, хэцүү үед ингэж төрийг данхайлгах хэрэг байсан юм уу

2022-08-29

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд болон Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуулин төслийг хэлэлцэж байна.Засгийн газар нь бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 4, чиглэлийн 12 яамтай байхаар хуулийн төсөлд тусгаад байна.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг сайд нарын тоо нүсэр, төрийн хэмнэлтийн бодлоготой зөрчилдөж байгааг шүүмжлэв.

Тэрбээр “Эдийн засаг амаргүй байдаг, ард иргэдийн амьдрал хэцүү байдаг. Засгийн газрын бүтцийг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байсан гэтэл Ерөнхий сайд эрх мэдлийн хүрээнд өөрчлөлт оруулаад ирлээ. Яамтай 18, яамгүй 3 нийт 21 сайд Ерөнхий сайдтайгаа 22-уулаа болж байгаа юм байна. Хэмнэлтийн бодлого гээд байгаа хэр нь өмнө нь байгаагүй данхар бүтэц болчихлоо. Энэ хэрээр хэдэн төгрөгийн зардал нэмэгдэх юм бэ.

Төсөвт 2 удаа тодотгол хийсэн. 3 сайдын төсвийн зохицуулалтыг яаж хийж байгаа юм бэ. Нийслэлийн хөгжлийн асуудал хийсэн сайд гэж орж ирж байгаа юм байна. Нийслэлийн Засаг даргатай зөрчилдөхгүй юу. Хүнээсээ болох хэдий ч хуулиараа Засаг дарга нь хуулиараа эрх мэдэлтэй байх учраас ажил явахгүй болчих юм биш биз дээ. Зам тээвэр, Барилга хот байгуулалт, Эдийн засгийн хөгжлийн гээд бүх сайд нартай зөрчилдөнө шүү дээ.

Үүний оронд Нийслэлийн Засаг даргыг Засгийн газрын гишүүн болгочих байсан юм биш үү. Болдог бол уг нь бүтэц өөрчилж байгаа юм чинь Аж үйлдвэрийн яамтай л болчихмоор байх юм. Ерөнхий сайд юу гэж бодож байгаа юм бол” гэлээ.

Холбоотой мэдээ