Эмээлтэд лацадсан үйлдвэрүүдийн 11-ийг нь нээж, экспортыг үргэлжлүүлэхээр болжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өнгөрсөн зургадугаар сард иргэдийн гомдлын дагуу хяналт шалгалтыг хийж, 20 гаруй махны үйлдвэрийг лацадсан.  Энэ асуудлыг шалгах ажил удааширсан тул Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт НМХГ-ын дунд шатны удирдлагуудыг ажлаас чөлөөлөх үүрэг өгсөн билээ. Прокурорын байгууллагын дүгнэлт гарсан ч тухайн лацадсан үйлдвэрүүдийн махыг устгаагүй хэвээр байгаа юм.
Тэгвэл өнөөдөр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагууд шуурхай хуралдаж, 11 үйлдвэрийн лацыг нээх шийдвэр гаргажээ.

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн тавдугаар сард Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь солих, улсын байцаагчдад хариуцлага тооцох үүргийг өгсөн. Үүнээс гадна энэ сард Шадар сайд МХЕГ-ынхантай уулзахад эхний ээлжийн дүгнэлт гарсан. Гэхдээ лацадсан үйлдвэрүүдийн махыг устгах эсэх нь дараа дараагийн дүгнэлтээс тодорхой болно гэсэн юм.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын дүнгээр мах, махан бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын стандартын шаардлага хангасан дулааны аргаар боловсруулсан махыг Хятадад экспортлох ажлыг зохион байгуулах чиглэл өгсөн.

Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас нэр бүхий 11 аж ахуйн нэгжийн бэлтгэсэн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр шаардлага хангасан 5720.6 тн махыг экспортод гаргах бэлтгэл ажилд хяналт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт хийж, мэдээлэл зөвлөмж өгчээ.

Мах экспортлогч аж ажуйн нэгжүүдэд ажлын байр, агуулахын цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг тогтмол хийх, мах, махан бүтээгдэхүүнийг хадгалахдаа стандартын дагуу зориулалтын тавиурт хурааж хэвших, хадгалах, хөлдөөх камерын температурыг тогтмол хянах, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, лабораторийн шинжилгээний хариу болон баримт бичгийг хадгалж архивлах, бүртгэл хөтлөх, ажилчдыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд зургаан сар тутам хамруулахыг анхааруулсан байна. Мөн Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гарсан холбогдох дүрэм, журам, стандарт, Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор батлагдсан дотоод хяналтыг мөрдөж ажиллахыг үүрэг болгожээ.

Одоогоор дараах 20 үйлдвэрүүд лацтай байгаа бөгөөд өнөөдрөөс 11 нь хэвийн ажиллаж эхлэх юм. Үлдсэн есөн үйлдвэрийн махыг устгалд оруулах эсэхийг шийдээгүй хэвээр байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn