Нэг зүгт гэртэй хүмүүс машиндаа хамт зорчих “car sharing” үйлчилгээг нэвтрүүлэхийг зөвлөв

2022-08-25

Нийслэлээс хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан найман хоногийн хугацаанд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлээд буй. Энэхүү хязгаарлалт нь түр зуурын арга хэмжээ бөгөөд эс хязгаарлавал тэг зогсолт хийх эрсдэлтэй гэлээ.

Хэвлэлийн хурлын дараа Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Энэхүү хязгаарлалттай холбоотой нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал нэмэгдэх үү, мөн автобусны үйлчилгээнд өөрчлөлт орох уу?
-Автомашины дугаарын хязгаарлалттай холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал нэмэгдэнэ. Үүнтэй холбоотойгоор аль чиглэлд хэдий хэрийн ачаалал үүсэхийг тооцоолоод зохицуулалт хийгээд явах боломжтой. Иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхээс гадна “car sharing” үйлчилгээг нэвтрүүлэхийг зөвлөж байна. Нэг байгууллагын нэг зүгт гэртэй хүмүүс машиндаа хамт зорчих энэхүү үйлчилгээг дэлхийн олон улсад нэвтрүүлсэн байдаг. Улаанбаатар хотын иргэд энэ соёлд суралцахад илүүдэхгүй болов уу. Орон нутгаас 100 мянга орчим тээврийн хэрэгсэл богино хугацаанд орж ирдэг учир түр хугацаанд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ гэдгийг тодотгоё.

Холбоотой мэдээ