Гүний цэнгэг усыг 50 хувиар хэмнэх ус дахин боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслол боллоо

Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд барих Ус дахин боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. Энэхүү үйлдвэр нь Сонгинохайрхан уулын зүүн бэлд шинээр баригдаж буй Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд баригдах юм. Үйлдвэрийн шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд бөгөөд Монголын Мянган сорилтын сангийн УЗ-ийн дарга Б.Батцэцэг, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, НЗДТГ-ын дарга И.Баатархүү, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд ЗАА-ны дарга Д.Ганболд болон АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески, АНУ-ын МСК (Мянганы сорилтын корпорац)-ын Компакт гэрээний үйл ажиллагааны газрын Дэд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэгч Камерон Алфорд тэргүүтэй гадаадын зочид төлөөлөгчид оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шав тавих ёслолын үеэр хэлэхдээ “Энэхүү үйлдвэр нь Улаанбаатар хотын түүхэнд тэмдэглэгдэх томоохон бүтээн байгуулалт юм. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор Монголын усны салбарын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэнэ. Компакт гэрээний хэрэгжүүлж буй төслийн ач тус нь бидний олон жил ярьж хэвшсэн саарал ус буюу хүрээлэн буй орчинд нийлүүлэх хаягдал усыг боловсруулан ашиглаж газрын гүний цэвэр цэнгэг усыг хэмнэх бодит боломж бүрдэнэ” хэмээн тодотгосон.

Ус дахин боловсруулах үйлдвэр барих төслийн ерөнхий гүйцэтгэгчээр үндэсний “М-Си-Эс Проперти” ХХК шалгарсан бөгөөд технологийн зураг төслийг Франц улсын дэлхийн хэмжээний шилдэг компаниуд гүйцэтгэх ажээ. 2025 оны нэгдүгээр улиралд бүтээн байгуулалтаа дуусгаж, хоёрдугаар улиралд нь ашиглалтад оруулахаар төлөвлөж буй юм. Үйлдвэр өдөрт 50 мянган куб метр усыг дахин боловсруулах хүчин чадалтай. Дахин боловсруулсан усаар дулааны цахилгаан станцуудын техникийн хэрэглээний зарим хэсгийг хангана. Үр дүнд нь жилдээ 18 сая гаруй метр куб буюу Улаанбаатар хотын орон сууцанд амьдарч буй нийт айл өрхийн жилийн /2021 оны байдлаар/ хэрэглээний  50 хувьтай тэнцэх хэмжээний гүний цэнгэг усыг хэмнэх юм.

Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүүгээс энэхүү үйлдвэрийн ирээдүйн өгөөжийн талаар тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ:

-Улаанбаатар хотын хоногийн усны хэрэглээ 145-155 мянган метр куб. Харин бохир усны хэмжээ 190 мянга орчим метр куб. Ус дахин боловсруулах үйлдвэр баригдсанаар Улаанбаатар хотын ахуйн хэрэглээнд саарал ус нийлүүлж, тэр хэрээр гүний цэнгэг усыг гамнаж хэмнэх боломж бүрдэнэ. Хамгийн чухал нь нийслэлийн иргэдийн ундны усны нөөцийг хадгалан хамгаалахад асар том үүрэгтэй үйлдвэрийн шавыг өнөөдөр тавилаа. Саарал ус хэрэглэх нь ирээдүйдээ хийж буй буян гэж ч хэлж болно. Аж ахуйн нэгж байгууллагуудаас хамгийн түрүүнд “М-Си-Эс” ХХК-ийн ундааны үйлдвэр саарал ус гаргаж эхэлсэн. Уг усыг ТҮК-ийн ажиллагсад мод, зүлэг ногооны арчилгаа, ТЭЦ-IV компани хөргөлтийн системдээ тодорхой хэмжээнд ашиглаж байна гэсэн юм.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn