
Нийслэлээс хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан найман хоногийн хугацаанд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлээд буй. Энэхүү хязгаарлалт нь түр зуурын арга хэмжээ бөгөөд эс хязгаарлавал тэг зогсолт хийх эрсдэлтэй гэлээ.
Нийслэлээс авто замын түгжрэлийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:
Нийслэлээс түгжрэлийг бууруулах чиглэлд иргэдийг тээврийн хэрэгслээсээ татгалзуулах бодлогыг барьж байгаа. Түүнээс биш хил гаалиар орж ирж буй тээврийн хэрэгслийн тоотой уралдаж зам барих, замын сүлжээгээ нэмэх эдийн засгийн, цаг хугацааны боломж байхгүй.
Өнгөрсөн зуны хугацаанд явган замыг шинэчлэх, хашаа буулгах, гараж чөлөөлөх, самбар буулгах ажлуудыг хийсэн. Эдгээр нь явган хүнийг алхахад таатай орчныг бүрдүүлэх юм. Эхний ээлжид Бага тойруу дахь явган хүний замыг шинэчлээд дуусаж байна. Тээврийн хэрэгслээс нь татгалзуулахын тулд алхах зам нь тав тухтай байх ёстой.
А цэгээс Б цэг рүү явахад хашаагүй замаар 500 м явдаг бол хашаатай байхад нэг км-ээс дээш замыг туулж байна. Тиймээс хашаа хайсуудыг чөлөөлж байна. Мөн нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийж байна. Есдүгээр 1-нээс өмнө орж ирэх байсан шинэ автобуснууд ирэх 11, 12-р сард орж ирнэ.