Түрэгийн үед хамаарах судлагдаагүй шинэ хөшөө илрүүлжээ

2022-08-24
Монголын археологичид судлагдаагүй нэгэн хөшөө шинээр олж илрүүлжээ. Хожуу Түрэг буюу МЭ-ий 650-700 оны орчимд холбогдох Элтэрэс хааны онгон цогцолборт малтлага судалгаа хийх үеэр уг хөшөө олджээ. Энэ тухай түүхч, доктор Ю.Болдбаатар өчигдөр өөрийн нүүр номд постолжээ.
СУДЛАГДААГҮЙ ГЭРЭЛТ ХӨШӨӨ ШИНЭЭР ИЛРҮҮЛЖЭЭ. Хожуу Түрэгийн хаант улсын түүхийг судлахад чухал эх сурвалж болох руни болон согд бичээст гэрэлт хөшөөг малтаж илрүүлжээ.  Монголын ШУА-ийн Археологийн хүрээлэн, Олон улсын Түрэг судлалын академийн хамтарсан хээрийн шинжилгээний анги Элсэн тасархайн хойхонтойгоос МЭ-ний 690-ээд онд Хожуу Түрэгийн хаант улсыг манлайлан байгуулагч Кутлуг Элтэрэс хаанд зориулсан онгоны цогцолборт малтлага судалгааг явуулж эртний руни болон согд үсэгтэй гэрэлт хөшөөг илрүүлжээ. Уг дурсгалыг одоогоор Түрэгийн Билгэ хаан, түүний дүү Хунтайж Күлтэгин нарын эцэг болох Тан улсын эрхшээлээс тэмцэн гарч билигт сайд Тоньюкукийн хамтаар Түрэг түмнээ манлайлан Монгол нутагт говийг гатлан ирж Огуз, Татаби, Татар, Кидан, Байргу гэхчлэн олон овог, аймгуудтай байлдан ялж, Хожуу Түрэгийн хаант улсыг байгуулагч Элтэрэс Кутлуг хаанд зориулсан гэж хамтарсан судалгааны багийнхан үзэж буй ажээ. Юутай ч энэ нь бичгийн дурсгал, тэгэхдээ бүр гэрэлт хөшөө, бүр бахархууштай нь Хожуу Түрэгийн төрийг мандуулагчид холбогдох түүхийн шинэ мэдээ, баримтыг агуулж байгаа учир эртний нүүдэлчдийн түүх, шашин, соёлыг тодруулан судлах шинжлэх ухааны үнэтэй чухал эх сурвалж болох нь эргэлзээгүй. Хамтарсан судалгааны багийнхан маргааш хэвлэлийн бага хурал хийх гэнэ. Эртний түрэгийн руни бичиг үсгэлдэгийн хувьд атаархалтайгаар хүлээн сонсож, цаашдын уншиж тайлах судалгааг нь хүлээхээс. Тэнд харагдах үсгүүд нүднээ ихэд өег харагдаж л байна. Архангай аймгийн Хашаат сумын Хөшөө Цайдам дахь Билгэ хаан, Күлтэгин нарын гэрэлт хөшөөний бичээсний адил жижиг хэмжээтэй олон мөр, нарийн дүрслэлтэй биш Өвөрхангайн Уянга дахь Онги голоос олдсон гэрэлт хөшөөний бичээсний үсэг зурлагатай хэмжээ дөхөхүйц харагдана. Онгийн дурсгалд бас энэхүү Элтэрэс хааны тухай өгүүлдэг болно.
Шинэ нээлт хийж буй багийнханд баяр хүргээд, цаашдын судалгаанд нь амжилт хүсье.
Гэрэл зургийг багийнхны постноос авч зүйв.

Холбоотой мэдээ