Н.Тавинбэх: Цахилгааны дундаж үнийг 28-30%-аар нэмэгдүүлэх шаардлага үүсээд байгаа

Цахилгаан эрчим хүчний үнийг нэмэх шаардлага тулгараад буй талаар  Эрчим хүчний сайд Н.Тавинбэх УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хурлын үеэр мэдээлэл өгсөн.

Н.Тавинбэх сайд “Цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд хэрэглэгчийн цахилгаан, дулааны тарифт өөрчлөлт оруулахгүйгээр өндөр үнэтэй импортын цахилгааныг бууруулах, эрчим хүчний компаниудын хөрөнгө оруулалт, шинэчлэлийн ажлуудыг хойшлуулах, үйл ажиллагааны зардлуудыг хэмнэх, дотоод хэрэгцээний цахилгаан болон дамжуулах, түгээх сүлжээний алдагдлыг бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд байна. Ингэснээр жилд дунджаар 62 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлтийг бий болгосон.

Гэвч 2019 оноос хойш гурван жилийн хугацаанд үнэ тарифт өөрчлөлт оруулалгүй тогтвортой мөрдөж ирсний улмаас 2019 онд 59 тэрбум төгрөг, 2020 онд 92 тэрбум төгрөгийн, 2021 оны 78 тэрбум төгрөг, 2022 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 168.2 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажиллахаар байна. Иймд цахилгааны дундаж үнэ болох 175.0 төгрөг/кВт.ц-ийг 28-30%-аар нэмэгдүүлж бодит өртөгт нь нийцүүлэх шаардлага үүсээд байгаа” гэсэн.

2022 оны гуравдугаар сараас эхлэн ОХУ-ын банкууд хоригт орж импортын цахилгаан эрчим хүчний төлбөрийг боломжит валютаар төлж байна.

Монголбанкнаас гаргадаг ам.долларын ханш оны эхнээс наймдугаар сарын 16-ны өдрийг хүртэл 10.5 хувиар өссөн. Үүнээс шалтгаалж импортын цахилгаан эрчим хүчний төлбөрийг төлөхдөө валютын ханшийн зөрүүнээс Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 2022 оны эцэст 29.1 тэрбум төгрөг, Баруун бүсийн эрчим хүчний системд  6.3 тэрбум төгрөг буюу нийт 35.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байгааг тодотголоо.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn