Үндэсний аудитын газраас дүгнэснээр Засгийн газрын санхүүгийн тайлангаас 10 их наядын зөрчил илэрчээ

Үндэсний аудитын газраас мэдээлснээр, Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтээр 10.5 их наяд төгрөгийн 17513 алдаа, зөрчил илэрсэн байна.

Аудит хийх явцад Худалдан авах ажиллагааны журам заавар зөрчиж, шууд гэрээ байгуулж, бараа ажил үйлчилгээ худалдан авсан, тендер зарлахаас зайлсхийж, тендерийг хувааж, харьцуулалтын аргаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан зэрэг зөрчил илрүүлжээ. Тендерийн үнэлгээг буруу хийсэн, цахим системээр зарлаагүй зэрэг худалдан авах ажиллагаатай холбоотой 31.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас дийлэнх буюу 26 тэрбум төгрөгийн зөрчил илэрч, үлдсэн нь Эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам болон Батлан хамгаалах яаманд хамааралтай байжээ.

Эрчим хүчний яамны харъяа 9 төрийн өмчит хуулийн этгээдээс 4.3 тэрбум төгрөгийн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харъяа 4 төрийн өмчит хуулийн этгээдээс 26.1 тэрбум төгрөгийн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа 1 төрийн өмчит хуулийн этгээдээс 0.6 тэрбум төгрөгийн зөрчил тус тус илэрсэн байна.

Үндэсний аудитын газраас “Гадаад зээлийн хөрөнгийн эх үүсвэрээс дамжуулан зээлдүүлсэн зээлийн хугацаа хэтэрсэн, эргэн төлөлт зогссон, эзэн холбогч тодорхойгүй, олон болсон болсон гэх зэрэг нийт 533.9 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулах талаар арга хэмжээ аваагүй.

Төсвийн ерөнхийлөн захирагчдын дотоод аудитын үйл ажиллагааг зохицуулсан хууль, эрх зүйн орчин байхгүй, мөн бүтэц, орон тоо, тогтолцоо оновчтой бус, үйл ажиллагаа хангалтгүйгээс санхүүгийн тайлангийн аудитаар илэрч байгаа алдаа, зөрчил буурахгүй, өгсөн зөвлөмж, албан шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй” гэж дүгнэжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn