Л.Энх-Амгалан: Хатуухан хэлэхэд хүүхдийн мөнгийг хүүхдэд нь зарцуул

2022-08-23

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, цэцэрлэг, сургуульд хамрагдалт, боловсролын салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сурагчийн дүрэмт хувцасны талаар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Ер нь сурагчийн дүрэмт хувцасанд яамны оролцоо гэж байхгүй. Төрөөс нэг ч төгрөг гаргадаггүй, хувийн хэвшлийн зохицуулалтаар явдаг.

Сурагчид дүрэмт хувцас өмсөх ёстой. Гэхдээ заавал цоо шинэ дүрэмт хувцас өмсөх нь санхүүд хүндрэлтэй байгаа тул энэ хичээлийн жилд сурагчид заавал цоо шинэ дүрэмт хувцас өмсөх шаардлагагүй гэх зохицуулалтыг хийсэн. Дүрэмт хувцасны үнэд судалгаа хийхэд хосоороо буюу комоороо худалдан авахад их үнэтэй байгаа. Бага ангийн хүүхдийн хүрэм эмэгтэй нь 116 мянга, эрэгтэй нь 176 мянган дунд ангийнх эмэгтэй нь 194 мянга, эрэгтэй 198 мянган төгрөг. Ахлах анги эмэгтэй 213 мянга, эрэгтэй нь 232 мянган төгрөг байна. Тэгэхээр хосоор нь авах хэрэггүй, өөрт байхгүй аль нэгийг нь л авах гэсэн шаардлагыг тавьж байгаа.

Хатуухан хэлэхэд, хүүхдийн мөнгийг хүүхдэд нь зарцуул. Сард 100 мянган төгрөг, жилд 1.2 сая төгрөг шүү дээ” гэв.

Холбоотой мэдээ