Ц.Ганболд: Шахмал түлш борлуулах цэгүүд есдүгээр сарын 15-наас ажиллана

Улаанбаатар хотыг агаарын бохирдолгүй, иргэдэд ээлтэй хот болгох үүднээс сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсон. Ирэх өвөл айл өрхүүдийн түлэх сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт ямар байгаа талаар холбогдох албан тушаалтнууд тайлбарлаж байна.

зураг

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд:

-Нийслэлийн хувьд Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбоотой гурван чиглэлийн үүргийг хүлээн ажилладаг. Тодруулбал, сайжруулсан түлшний нөөцийн агуулах, тээвэрлэлт, борлуулалтын цэгийн асуудлыг бид хариуцдаг гэсэн үг. Энэ жилийн хувьд сайжруулсан түлшийг тавдугаар сарын 1-ний өдрөөс үйлдвэрлэж нөөцөлж эхэлсэн. Одоогоор 80 мянган тонны нөөцтэй байна.

Түлшний тээвэрлэлтийг 29 компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Шинээр 227 борлуулалтын цэг байгуулахаар тендер зарлаж, борлуулагчдыг шалгаруулж эхэлсэн.

Есдүгээр сарын 15-наас борлуулалтын цэгүүд ажиллаж эхэлнэ.

зураг

“Таван толгой түлш” ХХК-ийн захирал Г.Ундармаа:

-Манай компанийн баруун үйлдвэрт таван шугам, зүүн  үйлдвэрт хоёр шугам ажиллаж, өдөр тутамд 1,006.5 тонн түлш үйлдвэрлэж байна.

Түлш үйлдвэрлэх түүхий эд буюу мидлингийн нөөц 144,611 тонн байгаа бол барьцалдуулагч 8,000 тонн, шуудай 788,327 ширхэг, үйлдвэрлэсэн түлш 80 орчим мянган тонны нөөцтэй байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс илүү байна гэсэн үг.

Өнгөрсөн өвөл 607 цэгээр борлуулалт хийж байсан бол энэ онд цэгийн тоог 670-д хүргэхээр зорьж байна. Өмнөх жил ажилласан 450 цэгийн хувьд гэрээний үүргээ биелүүлсэн учир сунгаж ажиллахаар болсон.

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, нөөцлөлтийг жигд явуулахын дээр түлшний чанарт онцгойлон анхаарахыг Нийслэлийн Засаг дарга үүрэг болгов. Түлшний нөөц бүрдүүлэх ажлын хүрээнд дараах ажлуудыг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо. Үүнд:

  1. Сайжруулсан түлш нөөцлөх агуулахыг нэмж бэлтгэх
  2. Түлшний түүхий эд болон түлшний нөөц бүрдүүлэхэд анхаарах
  3. Түлш борлуулах цэгүүдийг бэлтгэх
  4. Иргэдэд угаарын хийн хордлогоос  урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, мэдээлэл олгох зэрэг ажлыг өрнүүлэхийг санууллаа.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn