Үндэсний их баяр наадмын түрүү бөх О.Хангай шагналаараа ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникийг тохижууллаа

2022-08-23
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадамд түрүүлсэн бөхийн нэрэмжит бай шагналын хүрээнд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникийг тохижуулахаар шийдвэрлэж байсан. Тус тасгийн 283.8 м.кв талбайг тохижуулж дууссан бөгөөд албан ёсоор хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өчигдөр боллоо.

Арга хэмжээнд Улсын аварга О.Хангай, “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ясүо Оүчи, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Ш.Алтантуяа нар оролцов.

“Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2013 оноос Үндэсний их баяр наадмын түншээр ажиллаж, түрүү бөхийн бай шагнал, тусламжийн ажлуудыг хүмүүнлэг болон улс нийгэмд тустай, шаардлагатай хэсэгт чиглүүлсээр ирсэн.

Тулгар төрийн 2231, Их Монгол Улсын 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадамд Улсын харцага О.Хангай арав даван түрүүлж, Монгол Улсын аварга цолд хүрсэн. Тэрбээр түрүү бөхийн бай шагналаа нийгмийн сайн, сайхны төлөө тэр дундаа хүүхэд, багачуудын эрүүл мэндийн төлөөх байгууллагын тохижилтод зориулж байгаадаа талархал илэрхийлсэн юм.

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиник нь Монгол Улсын хэмжээнд хүүхдэд эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг, бусад эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил, арга зүйгээр хангадаг лавлагаа шатлалын поликлиник юм. Өдөртөө 1,000-1,400 хүүхдэд үзлэг, оношилгоо хийдэг бөгөөд тэдгээр хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчид зэрэг нийт 2,000-2,500 хүнд өдөртөө үйлчилдэг байна.

Сүүлийн таван жилийн статистикаас харахад тус поликлиникээр жилд 13,000-15,000 хүүхэд үйлчлүүлжээ. Ийнхүү өндөр ачаалалтай ажилладаг хүүхдийн поликлиникийг олон улсын стандартад нийцүүлэн тохижуулах ажил сар гаруйн хугацаанд үргэлжлэн ийнхүү дуусаад байна.

Хүүхдийн зөвлөх поликлиник нь амбулаторийн үзлэг ба оношилгооны хоёр хэсэгтэй. Үүгээр хүүхдийн дотор, мэс засал, нүд, чих хамар хоолой, шүд, нярайн тусламж зэрэг нийт 20 гаруй чиглэлээр төрөлжсөн нарийн мэргэжлийн хүүхдийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Түүнчлэн онош тодруулах бүхий л үйл явц, үүн дотроос дурангийн шинжилгээ, компьютер томографи, MRI шинжилгээ гэх мэт өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээг ч хийдэг байна.

Тохижилтын ажлын хүрээнд 283.8 м.кв талбайг үйлчлүүлэгч нарт тухтай, хэрэгцээтэй болгон өөрчилжээ.

Засвар, шинэчлэлтийн үр дүнд Хүүхдийн зөвлөх поликлиник нь:

  • Амбулаторийн үйлчлүүлэгчдэд зориулсан зай талбай нэг дахин томорсон,
  • Амбулаторийн хананд хүүхдүүдийн мэддэг, тэдний дуртай хүүхэлдэйн кино, номын баатруудын гол дүрийн зураг, үйл явдлыг уран сайхны аргаар зурж, эерэг, дулаан уур амьсгал бүрдүүлсэн,
  •  Ариун цэврийн өрөөг хүүхэд, асран хамгаалагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан орчин үеийн стандарт шаардлагын дагуу зохион байгуулсан нь үйлчлүүлэгчдэд ая тухтай, ээлтэй орчин бүрдүүлсэн,
  • Хана, хаалга, тааз, шалны өнгийг шинэчилсэн нь эмнэлгийн орчинд нийцүүлсэн хүүхэд болон асран хамгаалагчдад таатай сэтгэгдэл төрүүлэхүйц ээлтэй болжээ.

зураг

Холбоотой мэдээ