У.Хүрэлсүхийн ОНЦЛОХ ишлэлүүд: Би улс төрийн ринг дээр шударга барилдахаас айдаггүй

2021-05-12

Ерөнхий сайд асан, МАН-ын дарга У.Хүрэлсүх сэтгүүлч М.Батбилэгийн “Ярилцъя л даа” нэвтрүүлэгт оролцлоо. Ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

-Ерөнхий сайд байсан хүний хувьд одоогийн Ерөнхий сайд надтай долоо хоногт нэг удаа уулзаж, зөвлөгөө авдаг.

-Шүүхийн тухай хуулийг батлуулж, Ерөнхийлөгчийн шүүгчийг томилдог эрх мэдлийг нь хязгаарласнаас У.Хүрэлсүхийг унагах гэсэн Ерөнхийлөгчийн улс төрийн тэмцэл эхэлсэн.

-Тухайн үед гудамж, талбайд тэмцэл гарч зодоон, мөргөлдөөн үүсэж, улс орноо нийгмийн бухимдалтай үед хаашаа ч алдаж магадгүйд хүрсэн. Хэдэн сайд нараа явуулаад,  албан тушаал дээрээ үлдэх боломж надад байсан. Харин үүний оронд эр хүн шиг бүх галыг өөр дээрээ авч, огцорч, маш шуурхай шинэ Засгийн газрыг байгуулж, Ковидтой тэмцэх ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй болсон. Үүний тулд Ерөнхий сайд би, танхимаа золиослох улс төрийн шийдэлд хүрсэн.

-Төрийн тэргүүнд ҮАБЗ-ийн гишүүд төрийн хуулийг зөрчиж болохгүйг маш олон удаа сануулсан.

-Монгол Улсын Ерөнхийлөгч сөрөг хүчин байж болохгүй. Сөрөг хүчнийхээ ажлыг парламентдаа л хий. Сөрөг хүчин байгаад, гудамж талбайд хүмүүсийг турхирдаг нь Ерөнхийлөгч хүнээс гарах авир биш.

-У.Хүрэлсүх дарангуйлагч болох гэж байна гэсэн яриа байгалийн баялагтай тэмцэж эхэлснээс гарч эхэлсэн. Би хулгайд алдагдсан байгалийн баялгийг эргүүлж, ард түмнийхээ мэдэлд авч ирсэн. Байгалийн баялагтаа ард иргэд эзэн болоосой гэсний төлөө зүтгэсний төлөө дарангуйлагч нэртэй болсон.

-Нэг намын дарангуйлал тогтоно гэвэл манай намын мянга, мянган гишүүнд зөвшөөрөхгүй. Монголд нэг намын дарангуйлал оршин тогтох боломжгүй. Эрх, эрх чөлөөг Монголын парламент хангадаг.

-АН-ын асуудал хүндэрвэл Монгол Улсад хохиролтой гэж үздэг, АН улам бэхжих ёстой.

-Би ямар ч улстөрчтэй улс төрийн ринг дээр барилдахад шударга барилдаан үзүүлнэ гэж боддог. Би хэнээс ч зүрхшээдэггүй. Давуул тугаа тойроод явна, өвдөг шороодвол эр хүн тахимаа өгөөд явах ёстой, улс төр бол ийм.

-2018 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Оюутолгойн захиралтай Төрийн ордонд эхний бөгөөд эцсийн удаа уулзсан. Би тэр нөхөрт “Оюутолгойн гэрээ Монголын ард түмний эрх ашигт үл нийцэж байна, Оюутолгойн гэрээг өөрчлөх, Дубайн гэрээг цуцлах ёстой. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь улсаа хашдаг юм” гэж хэлж байсан. Ингэж Монгол Улс анх Оюутолгойн асуудлаар хатуу байр сууриа илэрхийлсэн.

-Шударга ёс, байгалийн баялгийн төлөө тэмцэнэ гэдэг бүдүүн зүрхтэй, хавирган цөсөө дэлсэж байдаг хийдэг эр зоригийн ажил юм байна лээ шүү.

-Бид “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”, “Бор өндөр”, Асгат, Салхит, Тост, Тосон бумба, Гутайн даваа, Хармагатын ордууд, Ноён уулыг улсдаа, ард түмэндээ эргүүлэн хураан авсан. Би “хурааж авсан” гэж хэлэх их дуртай хүн байгаа юм. Ард түмнийх нь ганц саалийн үнээг эргүүлж, олж авсан.

-Ц.Анандбазарыг гишүүнээс нь түтгэлзүүлээд шалгуул гэж намын даргын хувьд зарчмын байр сууриа илэрхийлсэн. Үгүй бол намаас нь түтгэлзүүлэх асуудлыг хүртэл ярьж байгаа.  Сү.Батболдод ч хэлсэн, оффшорын асуудлаа шалгуул гэж. Шалгаж байгаа юм билээ, мэдээлэл авсан.

-Нэг өглөө босоод ирэхээр л нэг хүн зодчихсон байх юм. Би залуудаа бол үзчихдэг байсан, одоо бол Ерөнхий сайд асан, намын дарга, 50 гарсан хүн. Ёс зүй, нас намба, хашсан бол хашиж буй албан тушаалаа бодсон ч асуудлыг нударгаар шийдэхгүй.

Би юу гэж Ерөнхий сайдаа барьж аваад балбаад байх вий дээ.

-Улс орноо сайхан болгоход 4-12 жил хангалттай гэж харж байгаа.

-Эх орныхоо төлөө өөрт байгаа бүхий л боломж, сэтгэл зүрхээ зориулж ажиллах болно.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ