
Өнөөдөр/2022.08.19/ БШУЯ-наас их, дээд сургуулийн элсэлтийн эргэн тойрон дахь асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Монголын Үндэсний их сургууль /МҮИС/-ийн талаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Энэ бол цэвэр оюуны хулгай гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Энэ сургууль надтай шүүхдэлцэж байгаа. Шүүхээр эвлэрэх саналыг надад тавьсан. Би эвлэрэхгүй гэдгээ хэлсэн. Шүүх хурлаа дандаа хойшлуулдаг. Есдүгээр сарын 15-наас өмнө шүүх хурал болохгүй бол хэн гэдэг шүүгч дээр удаж байгааг зарлана.
Ардын Их хурлын тогтоолоор олгосон МҮИС гэх нэрийг хулгайгаар авсан асуудлыг зөвтгөсөн шийдвэр гаргавал энэ шүүгчийг шүүгчийн ёс зүйн хороонд өгнө. Арай ч ийм цөөнхийн эрх ашигт үйлчилсэн шүүгч Монгол Улсад байхгүй гэж итгэж байна” гэлээ.
Мөн тус сургууль элсэгч авахдаа 200 гаруй хөтөлбөрөөр бэлтгэдэг гэж хэлдэг ч бодит байдал дээр 58 хөтөлбөрөөр бэлдэх боломжтой тул үлдсэн хөтөлбөрүүдийг тусгай зөвшөөрлөөс нь хасуулсан гэдгийг БШУЯ-ны албаны хүн хэлэв. Тухайлбал, сансрын нисгэгч мэргэжлээр бэлтгэнэ гэсэн байсныг хасуулсан байна.