
Ардчилсан намаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Үндсэн хуулийн цэц ардчилсан Үндсэн хуулиар дэндүү их тоглолоо. Ер нь энэ байгууллага МАН-ын УИХ дахь байнгын хороо шиг ажиллаж ирсэн. Өмнө нь ч маш олон асуудалд зарчимгүй шийдвэр гаргасан. Сая бүр увайгүй МАН-ын улс төрийн зөвлөлийн хэлтэс шиг ажиллалаа.
Үндсэн хуулийн цэцэд миний хүндэлдэг, ном бичдэг судлаачид бий. Тэднийг Үндсэн хуулиа хамгаалж, итгэл үнэмшилтэй байх болов уу гэсэн чинь эрх баригчдын захиалгыг биелүүллээ. Одоо та бүгд хууль дээдлэх ёсны талаар ярих эрхгүй боллоо. Нэртэйгээр нь та нар шийдвэр гаргахдаа “МАН бол Монгол Улсыг мөнхөд удирдан чиглүүлэх хүч юм” гээд 1960 оны Үндсэн хуулийн заалтыг сэргээчихгүй яасан юм бэ. Өнөөдөр Монгол Улсын цэцийг татан буулгах хэмжээнд очсон байна.
Дахиад ийм хариуцлагагүй, ёс зүйгүй хүмүүсээр Үндсэн хуулиа мануулж болохгүй. Үндсэн хуулийн дээр Үндсэн хууль л байдаг. Хөх тэнгэр байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол Үндсэн хуулийн бүрэлдэхүүн хэсэг. Гэтэл Үндсэн хууль өөрөө өөртэйгөө зөрчилдөнө гэж байхгүй. Ийм л утгагүй шийдвэрийг ҮХЦ гаргалаа.
ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд МАН-ын хэвлэлийн албаны ажилтан хийхээ болио. Ичэхгүй байна уу. Саяхан Зүүн төвийн намаас баруун төвийн нам боллоо, Үндсэн хуулийг дээдэлдэг нам боллоо гэсэн чинь халаасны нам гэдгээ нотоллоо шүү дээ. Одоо та УИХ-ын гишүүн байж, хэвлэлийн ажилтны үүрэг гүйцэтгэж байдаг. Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр байдаг гэж ярьж сууна. Энэ хүн парламентад байх эрхгүй” гэлээ.