“Nodoublestandart” хөдөлгөөний Э.Одбаяр нарын 5 хүнд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

2022-08-17

Нийслэлийн прокурор Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг нарын таван хүнд гурван жил хүртэл хорих ялтай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.  Тэд “No War”, “NoDoubleStandart”, “PoliceReform”, “ЗГогцор” хөдөлгөөнүүдийг өрнүүлж ирсэн.

Иргэн Э.Одбаяр хэвлэлд ярилцлага өгөхдөө “Дабль стандартыг эсэргүүцсэн залуус өөрсдөө түүнийхээ хохирогч нь болоод явж байна” гэж байв. Хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байхыг шаардаж буй “Nodoublestandart” хөдөлгөөний Э.Одбаяр, Г.Ган-Очир, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг нар цагдан хорих 461 дүгээр ангид халдаж, хүч хэрэглэн хүн оргуулсан гэх шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болсон.

Шүүхээс тэдэнд холбогдох хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан талаар Э.Одбаяр мэдээлж байлаа. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг нэгдүгээр сарын 5-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болж, шүүх хурлын товыг зарласан. Тэднийг гурван жил хүртэл хорих ялтай эрүүгийн хэрэгт буруутгаад буй.

Иргэн Э.Одбаяр “ЦЕГ-ын дарга Ж.Болд “Э.Одбаяр нарын хүмүүс иргэн Д.Монголхүүг 461 дүгээр ангиас “өргөж” авч явсан” гэж хэлсэн. Тэрийг нь гэрчлэх хорих ангийн үүдний хүлээн авах заалны хяналтын камерын нийт есөн бичлэг байсан. Гэтэл хэргийн нотлох баримтаас нэг ширхэг CD алга болчихлоо. Үлдсэн CD-ний бичлэгүүдэд дутуу хагас, бараг хоосон шахуу, ач холбогдолгүй бичлэг байна. Бид хэдий хэрэгт яллагдагчаар татагдаж байгаа ч өөрсдийнхөө гэм буруугүйг нотлох баримтыг тэгш эрхтэйгээр хангуулах хуулийн заалттай. Гэтэл хуулийн байгууллагаас зөвхөн нэг талыг баримталж, биднийг буруутай гэж харуулсан хэсгийг нотлох баримтаар оруулж байна. Бичлэгийн зарим хэсгийг цаасан дээр хэвлээд гаргасан байна лээ. Алга болсон CD дотор Д.Монголхүүг хэн хорих ангиас авч явсан бэ, түүнийг өргөж авч гарсан юм уу, үгүй юу гэдгийг тодорхой харуулсан” гэж байсан юм.

Нийслэлийн прокуророос Ц.Чинбат, Б.Билгүүн, Э.Одбаяр нарыг яллагдагчаар татсан тогтоолд найруулгын өөрчлөлт оруулж “461 дотор гар утсаар бичлэг хийж” бүлэглэн хууль сахиулагчийг эсэргүүцсэн болгон өөрчилжээ. Тэд зохиомол хэрэг гэж үзэн гарын үсэг зурахаас татгалзсан байна.

Холбоотой мэдээ