
Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос “Бөмбөрцгийн Сүмбэ” хүүхдийн байгууллагатай хамтран “Аюулыг авдарлая-1” уриан дор тамхины иш түүх уралдааныг энэ сарын 16-наас улсын хэмжээнд зохион байгуулах болсон талаар мэдээллээ. Энэхүү уралдааныг хавдар, харшил зэрэг олон өвчний суурь шалтгаан болдог, байгальд уусаж шингэдэггүй 100 хувь хуванцраас бүтсэн, хурдан бутардаг зэрэг сөрөг үр дагавартай “яаралтай аюултай” янжуурын шишийг өөрийн амьдардаг гэр, байр, хашаа, гудамж, тоглоомын талбай, голын эрэг орчмоос түүж савлан орчноо цэвэрлэх, цаашлаад татсан тамхины ишээ шууд савлаж сургах зорилгоор зохион байгуулж буй аж.
Уралдаан өнөөдрөөс эхлэн есдүгээр сарын 16-ныг хүртэл буюу нэг сарын хугацаанд үргэлжлэх юм байна. Аймаг болгонд гурван байрыг шалгаруулах бөгөөд байр бүр мөнгөн шагналтай юм.
Шагналын сан/Аймаг тус бүрд/
- Тэргүүн байр: 200,000 төгрөг, ивээн тэтгэгчийн гарын бэлэг
- Хоёрдугаар байр: 150,000 төгрөг, ивээн тэтгэгчийн гарын бэлэг
- Гуравдугаар байр: 100,000 төгрөг, ивээн тэтгэгчийн гарын бэлэг
Мөн улсын хэмжээнд хамгийн олон тамхины иш түүсэн нэг тэргүүний аймгийг тодруулж яамны жуух бичиг болон бүх төрлийн хаягдал тос дахин боловсруулагч бүрэн автомат зуухыг гардуулна гэлээ.
Уралдааны удирдамж:
Аймаг, сумын иргэд нас, хүйс харгалзахгүй гурван гишүүнтэй нэг баг бүрдүүлэн оролцоно. Нэг баг хамгийн багадаа 30 сав иш түүх бөгөөд, нэг аймгаас таван баг оролцох боломжтой. Багууд есдүгээр сарын 16-ныг хүртэл Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Байгаль орчны мэргэжилтэнд багийн нэрээ бүртгүүлэн цуглуулсан савтай ишээ тоолуулж хураалгана.