
Мьянмарын Төрийн зөвлөлийн гишүүн асан 77 настай Аун Сан Су Чи авлигын дөрвөн хэргээр зургаан жилийн хорих ял авчээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр, түүнийг До Хин Чи сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэрэгт буруутай гэж үзжээ. Эрүүл мэнд, боловсролыг дэмжих зорилгоор үүсгэн байгуулсан байгууллагынхаа хөрөнгөөр орон сууц барьж, нийтийн эзэмшлийн газрыг хөнгөлөлттэй үнээр түрээслүүлсэн гэх.
Аун Сан Су Чиг нийтдээ хээл хахууль авахаас эхлээд сонгуулийн будлиан хүртэлх 18 гэмт хэрэгт буруутгаж байжээ. Төрийн зөвлөх асан энэ буруутгалыг утгагүй гэж үзээд өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсэн аж.
2021 оны арванхоёрдугаар сард Мьянмарын шүүх Аун Сан Су Чид армид үл ойлголцол дэгдээсэн, COVID-19-ээс урьдчилан сэргийлэх дүрмийг зөрчсөн хэргээр дөрвөн жил, 1-р сард коронавирусын хязгаарлалтыг зөрчсөн хэргээр дахин хоёр жилийн хорих ял оноожээ. Дөрөвдүгээр сард тэрээр авлига авсан хэргээр таван жилийн хорих ял авсан. Дөрөвдүгээр сарын 23-нд Аун Сан Су Чиг гэрийн хорионд байлгасны дараа Нейпьидогийн шоронд ганцаарчилсан хорих ангид шилжүүлжээ.
Аун Сан Су Чи 2016-2021 онд Мьянмарын иргэний засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан. Тэрээр засгийн эрхэнд гарахаасаа өмнө цэргийн дарангуйллын эсрэг тэмцлийн бэлэг тэмдэг байсан бөгөөд үүний төлөө Нобелийн энх тайвны шагнал хүртжээ. Тэрээр олон жил гэрийн хорионд байсан.
2021 оны хоёрдугаар сарын 1-нд Мьянмарт цэргийнхэн төрийн эргэлт хийж, тус улсын иргэний удирдлагыг баривчилсан. Хунт Аун Сан Су Чиг 11 кг алт, 600 мянган долларын авлига авсан гэж буруутгаж байсан. Тус улсад болсон жагсаалын үеэр наад зах нь 70 хүн амиа алдсан гэж НҮБ-аас мэдээллээ.