ҮХЦ “Давхар дээл”-ийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ

Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн их суудлын хуралдаанаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар дахин хянан хэлэлцлээ.

Ингээд “Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж өөрчлөн найруулсан 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ үзлээ. Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байдаг билээ.

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн Удиртгал, Нэгдүгээр зүйлийн 2, Хорин есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцээгүй байх тул хүчингүй болгож 02 дугаар тогтоол гаргасан байна.

Үүнээс гадна Монгол Улсын Үндсэн хуульд үүнээс өмнө оруулж байсан нэмэлт, өөрчлөлтийг хянан шийдвэрлэсэн хоорондоо зөрчилтэй Үндсэн хуулийн цэцийн өмнөх бүх шийдвэрүүдийг хүчингүй болгосон байна.

Ингэснээр Засгийн газрын бүх гишүүд УИХ-ын гишүүн байж болохоор боллоо. Гэхдээ үүний тулд эхлээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт эсвэл ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын ярьснаар бол 5 дахь шинэ Үндсэн хуулиа баталж байж Засгийн газрын сайд нарын асуудал шийдэгдэх юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn