Эмээлт дахь 20 үйлдвэрийн лацадсан махыг устгах эсэхийг энэ сард шийднэ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өнгөрсөн зургадугаар сард иргэдийн гомдлын дагуу хяналт шалгалт хийж, 20 гаруй махны үйлдвэрийг лацадсан.  Уг асуудлыг шалгах ажил уудаширсан тул Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт НМХГ-ын дунд шатны удирдлагуудыг ажлаас чөлөөлөх үүрэг өгсөн. Гэсэн ч прокурорын байгууллагын дүгнэлт гарсан ч тухайн лацадсан үйлдвэрүүдийн махыг устгаагүй хэвээр байгаа аж. Энэ асуудлыг МХЕГ-аас тодруулжээ.

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн тавдугаар сард Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь солих, улсын байцаагчдад хариуцлага тооцох үүргийг өгсөн. Энэ талаар МХЕГ-ын дарга Б.Баасандорж “Бид Эмээлт гэлтгүй улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг мах бэлтгэн нийлүүлдэг компаниудад хяналт шалгалтын ажлыг хийж байгаа. Ялангуяа дулааны аргаар мах бэлтгэдэг компанитай холбоотойгоор холбогдох аж ахуй нэгжүүдэд зөрчлийн хэргийн дагуу шалгаж байна. Эхнээсээ компаниудын үйл ажиллагаа цуцлаад эхэлсэн. Дараа нь прокурорын байгууллагад танилцуулна.

Манай байгууллагын байцаагчид хариуцлага алдсан тохиолдол гарсан. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн нэр бүхий гурван байцаагчийг ажлаас нь халж, АТГ-т шалгуулах хүсэлтийг хүргүүлсэн. Мөн Төрийн албаны тухай хуульд заасны дагуу нэг албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулсан. Төлөвлөгөөт хяналт шалгалтууд хийгдэж, хуулийн байгууллага мөрдөн шалгаж байгаа” гэжээ.

Мөн үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт Шадар сайд МХЕГ-ынхантай уулзахад эхний ээлжийн дүгнэлт гарсан. Гэхдээ лацадсан үйлдвэрүүдийн махыг устгах эсэх нь дараа дараагийн дүгнэлтээс тодорхой болно гэсэн байна.

Мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийхэд гарал үүсэл тодорхойгүй, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн ашиглаж байсан төдийгүй үйлдвэрт технологийн зааваргүйгээр хэрэглэж байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Гэсэн ч үүнийг заавал цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлийн дагуу шалгаж байж дүгнэлт гаргах аж. Харин хэрэг мөрдөлт хэдий хугацаанд үргэлжлэх нь одоог хүртэл тодорхойгүй байна. Ямартай ч энэ сардаа багтаж дүгнэлт гарч, махыг устгалд оруулах эсэх нь шийдэгдэх нь.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn