Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцсан САЙДТАЙ БОЛНО

2022-08-15

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн удирдлагууд болоод холбогдох албаны хүмүүсийн хамт өчигдөр нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах төслийн хэрэгжилттэй танилцаж, төсөл хэрэгжүүлж буй талбарт ажилласан юм.  Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түгжрэлийн эсрэг зоригтой шийдвэр гаргаж ажиллахыг даалгахын зэрэгцээ Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцсан сайд томилохоор болсныг хэллээ.

Тэрбээр “Засгийн газрын бүтцэд Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцсан сайдын албан тушаалын хүн байдаггүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга бол зөвхөн орон нутгийн харилцааг Засгийн газартай холбодог хүн тул ажил нь амждаггүй.

Нийслэл нь хүн амын 50 орчим хувь нь төвлөрсөн Улаанбаатар хотын асуудлыг дангаараа шийдэж чадахгүй болж байгаа учраас цаашид яамд хоорондын уялдааг холбодог, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангасан, тусгайлсан яамгүй сайдыг томилно гэж ойлгож болно.

Улаанбаатар хотод хэрэгжихгүй байгаа, мөн яам хоорондын уялдаа холбоог сайжруулахын тулд тусгайлсан хуулиуд батална. Үүний нэг нь Улаанбаатар хотын амьдралын чанар, нэгдсэн стандартын тухай хууль байна. Нийслэлчүүдийн нэгдсэн стандарт ямар байх талаар нийслэлийн удирдлагууд, Улаанбаатараас сонгогдсон УИХ-ын гишүүдийг татан оролцуулж, нийслэлчүүдээрээ ярилцах хэрэгтэй” гэлээ.

Холбоотой мэдээ