Шүүгдэгч Б.Баасанцогтод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор болж бусад шүүгдэгч нарын арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Б.Баасанцогтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэр гаргасан. Улмаар анхан шатны шүүхээс түүнийг дахин нэг сар буюу зургадугаар сарын 7-ныг хүртэл саатуулах хугацааг сунгаж шийдвэрлэсэн.
Түүний өмгөөлөгчид Б.Баасанцогтыг батлан даалтад гаргахын тулд дээд шатанд буюу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хянан хэлэлцээд, өнгөрсөн тавдугаар сарын 13-ны өдөр батлан даалтад гаргасан юм.
Тагнуулын ерөнхий газраас Б.Баасанцогттой холбоотой мэдээлэл хийж, нэр бүхий улстөрчийн биед халдахаар завдаж байсан хэмээн мэдэгдэж байсан билээ.