
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Энх-Амгалан:
Цахим үндэстэн хөтөлбөрийг эрчимжүүлэх асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар 21 аймгийн 1200 үйлчилгээ, улсын хэмжээнд төрийн 685 үйлчилгээ цахимжсан байна. Иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, гар утаснаасаа авах боломжийг улам бүр нэмэгдүүлнэ.
Мөн уул уурхайн салбарын тусгай зөвшөөрлийг цахимжуулах чиглэлээр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд 13000 лиценз олгогдсон. Энэ лицензийг хэн авсан, ямар үйл ажиллагаа явуулдаг, ашигласан эсэх нь тодорхойгүй байв. Уул уурхайн салбарын далд наймаа гэгдэх лицензийн наймааг зогсоохын тулд зөвшөөрлийг цахимаар олгодог болно.
Мөн замын төлбөр авах цэгүүдийг цахимжуулах ажлыг эхлүүллээ. Хураамж авдаг 35 цэг байна.
Жил бүр 30 орчим тэрбумын орлого олдог бөгөөд бүрэн цахимжуулбал 30 хувиар орлого нэмэгдэнэ. Иргэдэд хүртээмжтэй QR кодоор эсхүл картаар төлбөрөө хийдэг байдлаар шийдэх бөгөөд улсын төсвөөс зардал гарахгүй, төр хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэх юм.
Өнөөдрийн байдлаар УБЕГ-аас 252 мянган иргэдэд тоон гарын үсэг олгоод байна. Тоон гарын үсэг нь цахим шилжилтийн гол хэрэгсэл. Энэхүү тоон гарын үсэг авсан иргэд маань төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээг өөрийн хаа байгаа газраасаа үл шалтгаалан авах боломжтой болж байна.
Арилжааны банкнаас зээл авахад зээлийн гэрээн дээрээ заавал очиж гарын үсэг зурах бус, тоон гарын үсгээ ашиглаж зээлийн гэрээгээ хийх, цаашдаа нотариат хэрэггүй болох боломж бүрдэж байна.