Манай эмэгтэй баг өчигдөр Францын багтай сүүлийн тоглолтоо хийж, 2-2 гэсэн харьцаатай тэнцжээ. А.Энхтуул мастер ялагдал хүлээсэн ч Б.Баярмаа ялалт байгуулан Т.Мөнхзул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн аж. Ийнхүү тэд 15 оноотой 162 багаас 15 дугаар байраар тэмцээнээ өндөрлүүллээ. Эмэгтэй ангилалд Украин 18 оноотой түрүүлж, Гүрж, Энэтхэг, АНУ, Казахстаны багууд удаалжээ.
Монгол Улсын эрэгтэй багийн хувьд сүүлийн өрөгт Киргизстантай учраа таарлаа. Хоёр багийн тоглолт 2.5-1.5 гэсэн харьцаатай манай тамирчдын ялалтаар өндөрлөв. Манайхаас Д.Батсүрэн, Б.Гүндаваа нар ялалт байгуулж, Г.Амартүвшин ялагдсан ч С.Ган-Эрдэнэ тэнцжээ. Ингэснээр манай эрэгтэй баг 11 өргийн дараагаар 14 оноотой 188 багаас 35 дугаар байрт бичигдлээ.
44 дүгээр олимпиадын эрэгтэй ангилалд Узбекистан 19 оноотой түрүүлсэн бол тэдний араас Армени, Энэтхэгийн хоёр болон нэгдүгээр баг, АНУ зэрэг улсууд удаалжээ.
Энэ удаагийн олимпиадын үеэр олон улсын мастер Т.Мөнхзул эмэгтэй их мастер цолны гурав дахь номоо биелүүлснээр эмэгтэй их мастер цолны болзол хангасан.
Харин Б.Мөнгөнзул шатрын олимпиадын дөрөвдүгээр ширээг амжилтаараа тэргүүлж, алтан медаль хүртэхээр болжээ. 17 настай түүнээс илүү дөрөвдүгээр ширээнд амжилттай тоглосон тоглогч нэгээхэн ч үгүй гэнэ. Тэрбээр 11 тоглолт хийхдээ ес хожиж, нэг тэнцэж, нэг хожигдсон байна.